Зуунмод сумынхан 77 жилийн ойгоо үр бүтээлтэй тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-06-21 13:30:54

Төв /МОНЦАМЭ/. Тухайн үeийн АИХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрээр 1942 оны 6 дугаар сарын 20-нд Зуунмод сумыг байгуулж байжээ. Өнөөдөр Төв аймгийн Зуунмод сумын ЗДТГ-аас санаачлан, аймгийн ЗДТГ-ын талбайд олон үйл ажиллагаа зохион байгуулж,  иргэдтэйгээ сум байгуулсаны 77 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэлээ.

Аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулан тус ойг угтаж олон ажил зохион байгуулсан байна. Тухайлбал Жайка-гийн төслөөр "Зуунмод суманд тавтай морил" угтах хаалгыг хийсэн бол Төрийн соёмбыг гантиг цагаан чулуугаар сийлж, Зуунмод сумынхаа хойморт гэрэлтүүлэгтэйгээр өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан бүтээлээ гэж сумын ЗДТГ-ын дарга Г.Батжаргал хэллээ.

Ойн хүрээнд тус сумын бүх багт хүүхдийн тоглоомын болон сагсны талбайг байгуулжээ.

Мөн ойн хүрээнд тавдугаар багийн нэг иргэнд өргөө цагаан гэр бэлэглэсэн байна. Ойн үйл ажиллагаанд аймгийн  удирдлагууд болон Зуунмод сумын удирдлагууд, сумын нийт оршин суугчид оролцлоо. Энэ өдөр бүх гудамжиндаа сумынхаа бэлгэдлийг төрийн далбаатай хамт намируулан баярын уур амьсгал оруулан, гар зураг, гольф, эсээ бичлэгийн уралдаан зохион байгууллаа. 

Аймгийнхаа ойтой нас чацуу хоёр ахмад настанд хүндэтгэл үзүүлж, 6-р сарын 20-нд төрсөн болон энэ өдөр төрөх нярайд гарын бэлэг өгч, Борнуур сумын сүү, сүүн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, төрийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг, Зуунмод сумын багууд иргэддээ үйл ажиллагаагаа танилцуулах зэрэг олон ажлыг зохиосон юм.

Ойн үйл ажиллагаанд зориулан "Мөнх алдар"-ын талбайд "Монгол туургатан" театр иргэддээ зориулж концерт тоглохоос гадна, цэргийн 016 дугаар ангийн цэргийн үзүүлэх тоглолт боллоо.

Хүүхэд багачуудад зориулж Улаанбаатар хотоос тоглоомоор ирж үйлчиллээ.

1965 онд Төв аймгийн төв болсон цагаасаа хурдацтай хөгжиж аймгийн нам захиргаа, олон нийтийн байгууллагууд, үйлдвэр үйлчилгээний газрууд тохилог барилга, байшинтай болж, хүн амын төвлөрлөө даган худалдаа, үйлчилгээний газруудыг шинээр барьжээ. Төвийн эрчим хүчний системд холбогдон, орон сууц, зам талбай, гудамж хороолол, сургууль, соёлын шинэ байгууллагаар хүрээгээ тэлжээ.

1980 онд хот байгуулалтын төлөвлөгөөгөө баталж, Зуунмод хотын өнөөгийн хөгжлийн шинэ үе эхэлж сүүлийн арваад жилд томоохон бүтээн байгуулалтын ажлууд өрнөж, хотын өнгө үзэмж сэргэн, орчин цагийн томоохон хот болон өргөжин хөгжсөөр байна. Өнөөдрийн байдлаар 17200 хүн амтай Зуунмод хотод 60 гаруй төсвийн байгууллага, 400 гаруй үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч байгууллага, аж ахуй нэгж үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд шинэ үйлдвэрлэл, шинэлэг үйлчилгээ, томоохон бүтээн байгуулалт бий болсоор байна.


Холбоотой мэдээ