Залуучууд ажилгүйдлийн асуудлыг шийдвэрлэхийг хүсэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-06-18 00:00:22

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн залуучуудын хувьд ажилгүйдэл хамгийн тулгамдсан асуудал болсныг өнөөдөр Өлгий хотод болсон "Залуучууд – нэгдье, сэтгэе, бүтээе" сэдэвт чуулга уулзалтад оролцогчид хэлж байна.

Тус уулзалтыг аймгийн ИТХ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран зохион байгуулсан бөгөөд Өлгий, Ногооннуур, Толбо, Сагсай, Цэнгэл сумын залуучуудын төлөөллүүд оролцсон юм. Оролцогчид залуучуудын хөгжил, хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдал, энэ чиглэлээр төрөөс баримталж буй бодлогын талаар холбогдох албан тушаалтнуудаас мэдээлэл сонсож, санал бодлоо солилцлоо.

Тэд эцэг эхээрээ олон сая төгрөгийн зардал гаргуулж мэргэжил эзэмшдэг ч, төгсөж ирээд орон нутагт ажлын байр олддоггүй, ажилгүй залуучууд гэмт хэрэгт холбогдох, буруу замаар орох явдал нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаад анхаарал хандуулахыг хүслээ.

Чуулга уулзалтад аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан оролцсон юм. Тэрээр хэлсэн үгэндээ аймгийн өрх болгонд ойролцоогоор 2-3 хүн ажилгүй байгааг онцлов. Мөн уг асуудлыг шийдвэрлэхийн тулд хурлаас 2019 оныг "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил" болгон зарлаж, ажлын байр бий болгох шинэ бизнес санаачилгууд, төсөл хөтөлбөрүүдийг байгаа боломжоороо дэмжин ажиллаж байна гэлээ.

Дашрамд дурдахад, 2018 онд гаргасан хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгаагаар Баян-Өлгий аймагт ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй 6500 орчим хүн байгаагийн 73 хувийг 15-34 насны залуучууд эзэлдэг ажээ.  

Холбоотой мэдээ