Ерөнхийлөгч Х.Баттулгад Японы Гадаад хэргийн сайд Коно Таро бараалхав

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-06-16 13:39:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар, манай улсад айлчилж буй Япон улсын Гадаад хэргийн сайд Коно Таро өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав. 


Уулзалтын эхэнд, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Япон улс социалист нийгмийн үед ч, зах зээлийн нийгэмд ч Монгол Улсад ойр дотно байж, тусалж дэмжиж ирсэн гэдгийг дурдаад, өнөөгийн түвшинд тусламж дэмжлэг, хөнгөлөлттэй зээл гэхээс илүүтэй харилцан ашигтай бизнесийн зарчимд тулгуурлан хамтарч ажиллах хэрэгтэй гэж үзэж буйгаа хэллээ.


Тухайлбал, Япон улстай байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд Япон руу 6000 орчим төрлийн бараа бүтээгдэхүүнийг гаалийн тарифын хөнгөлөлттэй оруулах болсон ч бодит байдал дээр ноолууран бүтээгдэхүүнээс бусад экспортын нэр төрөл нэмэгдэхгүй байгаад анхаарал хандуулах шаардлагатайг цохон тэмдэглэв. Улмаар хоёр орны эдийн засгийн болон бусад харилцааг дэмжих байнгын механизм байгуулахад анхаарал хандуулах, энэ нь Гадаад хэргийн сайд нарын эрхлэх асуудлын хүрээнд байж болох юм зэрэг санал дэвшүүлэв.



Мөн уулзалтын үеэр хоёр талаас Монгол Улсын төмөр замын бүтээн байгуулалтын асуудлыг хөндөн ярьсан нь Японы эрчим хүчний сонирхлыг хангах, Монголын эрчим хүчний эх үүсвэрүүдийг экспортлох зэрэг ашиг сонирхолтой нийцэж байгаа талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.


Япон улсын Гадаад хэргийн сайд Коно Таро Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн саналуудыг хүлээн авч, хоёр орны харилцааны байнгын механизм байгуулах зэрэг саналын хүрээнд харилцан айлчлал, уулзалтын давтамжийг нэмэгдүүлэхэд анхаарна гэлээ.


Уулзалтын төгсгөлд, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Япон улсын Эзэн хаан Нарухитод мэндчилгээ уламжлахын зэрэгцээ Хаан сэнтийд заларсныг тунхаглах ёслолд оролцох урилгыг халуун дотноор хүлээн авсан гэдгээ мэдэгдэв.


Холбоотой мэдээ