МУЗН-ээс 1767 малчин өрхөд тусламж үзүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2016-03-30 13:15:11

Монголын улаан загалмай нийгэмлэг /МУЗН/-ээс Олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоотой хамтран хандивлагч орнуудын Улаан загалмайн үндэсний нийгэмлэгүүдэд хандан олон улсын уриалга зарлаж, нийт 833.945 CHF буюу 1.7 тэрбум төгрөгийн тусламжийг малчдад үзүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.

Үүнээс нэг тэрбум төгрөгийн тусламжийг малчдад хүнс болон бэлэн мөнгө хэлбэрээр, үлдсэн 0.7 тэрбумыг малчдын амьжиргааг дэмжих, зудын бэлэн байдлыг хангахад зориулах аж. Одоогоор 332 сая төгрөгийн тусламж үзүүлснээс эхний ээлжинд Архангай, Баян-Өлгий, Увс, Завхан, Төв, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймгийн нийт 1767 малчин өрхөд хүнсний болон бэлэн мөнгөний тусламж хүргэжээ.

Мөн 200-аас доош тооны малтай малчин өрхөд гамшгийн хариу арга хэмжээ авах, яаралтай тусламжийг өрх толгойлсон өндөр настай, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, зуданд нийт малын 10-аас дээш хувийг алдсан, өрх толгойлсон ганц бие, бусад олон улсын болон дотоодын байгууллагын зудын үеийн хүмүүнлэгийн тусламжид хамраагүй малчин өрхөд тус тус хүргэх юм байна.

Орон нутгийн улаан загалмайн хороо, онцгой байдлын газар, засаг захиргаа хамтран хамгийн хүнд байгаа малчдыг сонгож байна хэмээн МУЗН-ийн Гамшгийн менежментийн багийн ахлагч Б.Даваажаргал хэллээ.

Малын хорогдлын тоог харгалзан 17 аймгийг 3 бүлэгт хувааж тусламж үзүүлэх аж. Үүнд С үхбаатар, Баянхонгор, Дундговь, Өвөрхангай, Увс, Сүхбаатар, Архангай, Завхан аймгийн 2100 өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр төлөвлөжээ.

Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ