Д.Дашхүү: ЖДҮ-ийн зээлийн төслийг олон нийтэд нээлттэй сонгон шалгаруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-06-07 18:01:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлийн төслийг сонгон шалгаруулах ажиллагаа энэ зургадугаар сарын 10-наас эхлэх гэж байна.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр МҮХАҮТ-д “Бичил, жижиг үйлдвэрлэлийн санхүүжилт уулзалт болж, ХХААХҮЯ-ны ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн Зээлийн удирдлагын хэлтсийн дарга Д.Дашхүү урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох журмын талаар танилцууллаа. Тэрээр, төсөл сонгон шалгаруулах үйл явцыг энэ удаа ил тод нээлттэй зохион байгуулахаар журмыг шинэчилснийг онцолж байв.  



Хөнгөлөлттэй зээл олгох журмын өөрчлөлтийн талаар мэдээлбэл, төсөл сонгон шалгаруулах товыг хоёр өдөрт, богино хугацаанд зарладаг байсныг 24 хоног болгон хугацааг тодорхой болгон сунгасан байна. Хоёрт, төслийг хүлээн авахаас эхлээд санхүүжилт олгох буюу шийдвэр гарах хүртэлх бүх шатанд нэг хүнээс хамаардаг байдлыг болиулж бие биенээсээ хамааралгүй олон субьектээр дамжуулан шат шатанд шалгаж, баталгаажуулж байхаар болжээ.

Төсөл сонгон шалгаруулахдаа мөн нарийвчлан үнэлж, хэрэгжүүлэх төсөлтэй газар дээр нь танилцаж байхаар зохицуулсан гэв. Мөн төсөл сонгон шалгаруулах хорооны төлөөллийн бүрэлдэхүүнийг өөрчилж,  долоон гишүүний дөрөв нь ТББ-ын төлөөлөл байхаар шинэчилж буйг дуулгалаа.

Журамд мөн хэрэгжүүлэх төсөл нь төрийн өндөр, дээд албан тушаал эрхэлж байгаа хүн, эсвэл түүний гэр бүлийн гишүүн хувь эзэмшдэг бол энэ нь зээл олгохоос татгалзах үндэслэл болохоор тусгажээ. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас олгох зээлийг аль болох олон хүн хүртэх үүднээс шууд олгох зээлийн хэмжээг 300 сая төгрөг хүртэл, банкаар дамжин олгох зээл нэг тэрбум төгрөг хүртэл байхаар журамд оруулжээ. Бизнесээ эхэлж буй болон өрхийн аж ахуй, бичил бизнес эрхлэгчдэд итгэл үзүүлэх зорилгоор, 20 сая төгрөгийн санхүүжилт хүссэн ч барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй тохиолдолд барьцаа хөрөнгийн шаардлагыг 30 хүртэл хувиар бууруулах заалтыг нэмж тусгасан байна.

Журмын зорилго экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжин, шинээр бизнес эрхлэх болон ажлын байрыг нэмэгдүүлэхэд оршиж буйг онцолж байв. Зээлийн батлан даалтын сантай ХХБ, Төрийн банк, ХАС болон ХААН, “Капитрон” банкууд төслийн гэрээ байгуулан ажиллаж байна.

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ