“Монгол хүү” хүүхдийн баяр Хүй долоон худагт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-05-31 11:13:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын санаачилгаар Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Монгол хүү-2019” хүүхдийн баярыг МСУХ-той хамтран “Хүй долоон худаг”-т маргааш зохион байгуулна.

Монгол үндэсний хэв шинж маягийг агуулсан, эрийн гурван наадмын өв соёл, ёс заншлыг хүүхэд багачууддаа сурталчлан таниулах зорилготой тус наадмыг СХД-ийн ЗДТГ болон “Хонгорын шинэ эрин” ХХК дэмжин, Монголын Хүүхдийн урлан бүтээх төв, Монголын Үндэсний сурын холбоо, хүүхдэд ээлтэй төрийн болон төрийн бус байгууллага, холбоод хамтран ажиллах юм.

Баярын үеэр хүүхдийн бөхийн барилдаан, үндэсний сурын харваа, морь унуулах үйлчилгээ, Монголын хүүхдийн ордон болон ЕБС-ийн шилдэг сурагчдын урлагийн тоглолт, морьтой буухиа, “Хос сайхан морьтон гэр бүл” шалгаруулах тэмцээн, “Гийнгоо” гэрэл зургийн үзэсгэлэн зэрэг олон сонирхолтой уралдаан болно.

Түүнчлэн хурдан морины дэл сүүл зөв, гоё, сайхан боох тэмцээн, морьт харваан үзүүлбэр, үлгэрийн баатрууд, бүтэн өдрийн тайзны тоглолт, хөгжөөнт, хөдөлгөөнт тоглоомын үзвэр үйлчилгээ явагдах юм. Мөн эрүүл хоол, хүнсний худалдаа үйлчилгээг тохижуулан бэлтгэсэн байна.

Хүй долоон худгийн Хүнс, худалдаа, үйлчилгээний талбайд маргааш 11:00-18:00 цагт болох  “Монгол хүү” хүүхдийн баярт хүүхэд, залуусыг өргөнөөр оролцохыг зохион байгуулагчид нь уриалж байна.

Холбоотой мэдээ