Хүүхэд таныг биш, та хүүхдээ ойлгох нь зөв тусгал юм

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-05-29 18:10:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр “Хүүхдээ сонсох өдөр”-өөр ЦЕГ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс “Улаанбаатар палас”-ын гаднах талбайд хүүхдийн өдөрлөг зохион байгууллаа.

“Хүүхдээ сонсох өдөр”-ийг эх, үрсийн баярыг угтан тэмдэглэж буй бөгөөд өнөөдрийн өдөрлөгөөр мөн тавдугаар сарын 1-нээс эхэлсэн бяцхан үрсдээ зөв үлгэр дуурайлал үзүүлэх “Зөв тусгал” аяныг өндөрлүүлсэн юм.

Энэхүү аян нь хүүхдийн эрхийг хамгаалж, аливаа эрсдэлээс сэргийлэхэд чиглэж байв. Хүүхэд багачуулаа эерэгээр хүмүүжүүлж, зөв ёс суртахууныг гэр бүлд нь төлөвшүүлэх зорилгоор олон нийтийг соён гэгээрүүлэх, энд эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх үүднээс “Зөв тусгал” хөдөлгөөнийг өрнүүлж хүүхдүүдийнхээ үгийг сонсож ярилцлаа. Энэ нь хүүхдүүдээ аливаа эрсдэлээс хамгаалахад дөхөмтэй болгодог гэж зохион байгуулагчид хэлж байв.




Нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч О.Пүрэвсүрэн хэлэхдээ, “Томчууд бид өөрсдөө хүүхэд байсан. Хүүхэд насанд юу хүсэж мөрөөдөж, ямар зүйл тулгардаг байсныг мэддэг. Харин хүүхэд том хүн байж үзээгүй. Энэ нь илүү том ертөнц юм гэдгийг эцэг эхчүүд бид бодох хэрэгтэй. Тиймээс ч Зөв тусгал” аян “Хүүхэд таныг биш, Та хүүхдээ ойлгох ёстой” гэсэн уриаг дэвшүүлсэн” гэж байв.

Тэрээр, “Хүүхэд ямар эрхтэй гэдгийг сайн мэдэхгүй эцэг эхчүүд байна. Хүүхдийн эрхийг хуулиар заасан байдаг. Түүнчлэн хүүхдээ асран хамгаалах л үүрэгтэй гэхээс биш, эцэг, эхчүүд хүүхдийн хүмүүжил, төлөвшилт дээр нь анхаарал хандуулахгүй байгаа нь харагддаг” гэсэн юм.

Өнөөдрийн өдөрлөг нь нэг ёсондоо цагдаагийн байгууллагын нээлттэй хаалганы өдөр болсон бөгөөд энд ЕБС-иудын хүүхдүүд оролцож, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө сонсон авсан юм.  


Тодруулга: Улсын хэмжээнд сүүлийн гурван жилд гурван мянга орчим хүүхэд гэмт хэрэг үйлдэж, таван мянган орчим нь гэмт хэрэгт өртөж, хохирчээ. Тиймээс цагдаагийн байгууллага гудамж талбайд гарч байгаа гэмт хэрэг, зөрчлийг бууруулах зорилгоор иргэд, олон нийтийн оролцоотой “Хүүхэд хамгаалагч төслийг” ХНХЯ-тай хамтарч тавдугаар сарын 1-нээс улсын хэмжээнд хэрэгжүүлж эхлээд байна.

 

Б.Халиун 

Гэрэл зургуудыг Н.Батбаяр

Холбоотой мэдээ