Замын хөдөлгөөнийг хязгаарласан байна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2019-05-19 09:47:27

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт бүх сум руу гарах замыг энэ сарын 18-ны 20 цагаас 19-ний өдрийн 11 цаг хүртэл хаасан байна.

Цаг агаарын болзошгүй аюулт үзэгдлээс сэрэмжлэх зорилгоор ийнхүү автомашины хөдөлгөөнийг хязгаарлажээ. Энэ сарын 19-ний өглөөний 09 цагт тус аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албаны мэдээлж байгаагаар өнгөрөгч шөнө зарим сумын нутгаар цас орж, цасан шуурга шуурсан гэлээ. Салхины хурд секундэд 14-16м/с, зарим үед 18-20м/с хүрч ширүүссэн байна. Номгон суманд 4мм, Булганд 2мм, бусад суманд 0,0-1,4мм цас оржээ. Одоогоор цасны зузаан Булганд 2см, Цогтцэцийд 1см байна гэлээ. Агаарын температур бага зэрэг сэрүүсэх бөгөөд цаашдаа дулаарах юм байна. Харин ирэх долоо хоногийн сүүлээр буюу энэ сарын 25, 26-ны үеэр дахин тэнгэр муухайрна.