Хил залгаа аймаг, сумдын цагдаагийн байгууллагатай хамтран малын хулгайтай тэмцэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-05-08 22:26:45

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Малын хулгайн гэмт хэрэг жилээс жилд өсөж, хулгайлах арга техник нарийсч бүлгийн зохион байгуулалтад оржээ. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэгтэй хамтран тэмцэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд хил залгаа аймаг, сумдын хэсгийн төлөөлөгч, эрүүгийн мөрдөгч нарын уулзалт зөвлөгөөнийг Түмэнцогт суманд зохиолоо.  

Сүхбаатар аймгийн Цагдаагийн газраас зохион байгуулсан уг зөвлөгөөнд  зүүн бүсийн гурван аймаг болон Багануур, Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн хорь гаруй  хэсгийн төлөөлөгч, эрүүгийн мөрдөгчид оролцжээ.

Тус аймагт 2018 онд нийт 68 мал хулгайлах гэмт хэрэг үйлдэгдэж байсан бол, 2019 оны эхний таван сарын байдлаар 52 гэмт хэрэг үйлдэгджээ. Үүнээс 22 холбогдогчтой 104 бод, 170 бог мал хулгайлсан, 121 сая 700 мянган төргөгийн хохиролтой 26 хэргийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж байгаа шалтгаан нөхцөлийн хувьд, төв магистрал зам дагуу малчид өөрийн малаа бэлчээрт хараа хяналтгүй орхидог, ял шийтгэлийн бодлого, хууль эрхзүйн орчин хангалтгүй зэргийг ашиглаж Улаанбаатар хот болон зэргэлдээ аймгийн иргэд, урьд ял шийтгэгдсэн этгээдүүд хоорондоо бүлэг сүлжээ үүсгэж, гэмт хэрэг үйлдэх болжээ. Мөн махны үнэ өсч эрэлт нэмэгдсэн, өнгөрсөн өвөл аймгийн нийт нутгаар цасгүй байсан нь малын хулгайч нар жижиг тэргээр хүссэн газраараа зорчих, мал тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлж байгааг онцлов.


Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын дэд бөгөөд эрүүгийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Цоодол  

Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, цаашлаад эрүүгийн хууль болон эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээл, тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцож, хамтын ажиллагааны  хүрээнд хэрхэн ажиллах төлөвлөгөөг боловсрууллаа. Тэгэхээр нэг аймаг сумын мөрдөгч үүнийг илрүүлнэ гэдэг хүндрэлтэй. Тиймээс бидний хамтын ажиллагаа маш чухал.


Дорнод аймгийн цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн дэд хурандаа З.Баянжаргал

Сүүлийн жилүүдэд малын хулгай болон орон байрны хулгайн гэмт хэргүүд хил залгаа аймаг, сумдыг дамжин үйлдэгдэх болсон тул энэ төрлийн гэмт хэргийг бууруулах ажилд хил залгаа аймаг, сумдын хэсгийн төлөөлөгч, эрүүгийн мөрдөгч нарын хамтын ажиллагаа маш чухал. Тиймээс энэ удаагийн зөвлөгөөнийг цаг үеээ олсон ажил болж байгааг хэлмээр байна.


ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа Г.Бөхчулуун

Улсын хэмжээнд мал хулгайлах гэмт хэрэг хамгийн их үйлдэгдсэн аймгаар зүүн бүсийн гурван аймаг нэрлэгдэж байгаа. Гэмт хэргийн илрүүлэлт ч өмнөх оны түвшинд хүрч чадахгүй байна. Тиймээс эдгээр эзэнгүй гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг бүсийн хэмжээнд хийх шаардлагатай. Энэ удаагийн уулзалт, зөвлөгөөнд оролцогчдод эрүүгийн цагдаагийн газраас мэргэжлийн арга зүй, заавар зөвлөгөө өгөх, хэргийг илрүүлэх арга тактикийг алба хаагчдад эзэмшүүлэх чадвар олгох чиглэлээр хамтран ажиллаж байна гэлээ.

Энэхүү зөвлөгөөн нь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ажил бөгөөд зөвлөгөөний үр дүнд бүс нутагт малын хулгай болон бусад төрлийн гэмт хэргийн гаралт буурч, илрүүлэлт ахина гэж зохион байгуулагчид үзэж байгаа аж.

 

Холбоотой мэдээ