АНУ-ын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнүүдэд өнгөт арьст бүсгүйчүүд түрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-05-07 12:44:55

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын гоо бүсгүй шалгаруулах гурван том тэмцээний ялагчаар бүгд өнгөт арьс бүсгүйчүүд тодорсон байна. Ийм тохиолдол урьд өмнө нь гарч байгаагүй ажээ.


Өнгөрсөн есдүгээр сард Америкийн гоо бүсгүйгээр 25 настай Ниа Франклин шалгарч, өнгөрсөн долоо хоногт АНУ-ын өсвөр насны гоо охин шалгаруулах тэмцээнд 18 настай Калиег Гаррис түрүүлсэн бол АНУ-ын гоо бүсгүйгээр 28 настай Чесли Крист нар тодорсон байна.


Арьсны өнгөөр ялгарлан гадуурхах үзэл үргэлжилсэн хэдэн арван жилийн түүхэнд тэдний байгуулсан ялалт ихээхэн утга учиртай юм.


Ванесса Уильямс нь 1983 онд шилдэг гоо бүсгүйгээр шалгарсан анхны өнгөт арьст бүсгүй болж байжээ. Түүнийг Америкийн гоо бүсгүйн титмийг зүүснээс хойш 1990 онд өөр нэгэн өнгөт арьст бүсгүй ялагчаар тодорч байсан ажээ.


Хойд Каролина муж улсаас гаралтай Ч.Крист нь иргэний нэхэмжлэлийн өмгөөлөгч бөгөөд хоригдлуудад ногдуулсан шударга бус ялыг бууруулах чиглэлээр ажилладаг байна. Тэрбээр одоо Ертөнцийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд АНУ-ыг төлөөлөн оролцоно.


Америкийн гоо бүсгүй Н.Франклины хувьд дуурийн дуучин мэргэжилтэй бөгөөд “Sing for Hope” хандивын санд ажилладаг ажээ.


Өсвөр насны гоо охин тэмцээний ялагч К.Гаррис болон АНУ-ын гоо бүсгүйгээр шалгарсан Ч.Крист нар тэмцээнд өөрсдийн байгалиас заяасан үстэйгээ оролцсон нь олны сайшаалыг хүртсэн байна.


"Америкийн гоо бүсгүй" тэмцээнийг 1921 онд анх зохион байгуулсан ба дээрх гурван тэмцээнээс хамгийн олон жилийн түүхтэй тэмцээн энэ ажээ. "АНУ-ын гоо бүсгүй тэмцээн"-ийг 1950 онд, "АНУ-ын өсвөр насны гоо охин" шалгаруулах тэмцээнийг 1983 оноос тус тус зохион байгуулж эхэлжээ.


1940-өөд оныг хүртэл Америкийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд зөвхөн цагаан арьст бүсгүйчүүд оролцдог байсан аж. Сүүлд дүрэм журамд өөрчлөлт оруулсан хэдий ч 1970 он хүртэл уг тэмцээнд өнгөт арьст бүсгүйчүүд оролцоогүй байна.


Өнгөт арьст бүсгүйчүүд арьсны өнгөөр ялгаварлахыг эсэргүүцэж, 1968 онд анх Америкийн өнгөт арьст гоо бүсгүйн тэмцээнийг зохион байгуулж байжээ. 

Холбоотой мэдээ