Конюхов өмнөд өргөргийн 55 градусыг хөндлөн туулсан анхны хүн боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
Jargal.d@montsame.mn
2019-05-07 12:08:35

МОСКВА. /TASS/. Оросын аялагч Федор Конюхов Өмнөд мөсөн далайн өмнөд өргөргийн 55 градусыг сэлүүрт завиар хөндлөн туулсан анхны хүн боллоо. Аяллыг нь зохион байгуулсан Конюховын том хүү аялагч Оскар Конюхов энэ тухай мэдээлсэн байна. 


“Өнөөдөр өмнөд өргөргийн 55 градусыг хөндлөн тууллаа. Өмнөд мөсөн далайд 55 градусын бүсээр өмнө нь сэлүүрт завиар хэн ч явж байгаагүй гэдгийг итгэлтэйгээр хэлнэ. Аяллаа Фолклендын арлуудаас эхлүүлэхийг оролдсон боловч эдгээр арал нь өмнөд өргөргийн 52 градуст оршдог” гэж аялагч бичжээ.


Конюхев мөн аяллынхаа үеэр цаг агаарын хүнд байдлууд, далайн шуургатай тулгарч байснаа бичсэн байна.


Оросын аялагч "Акрос" сэлүүрт завиар хийж буй аяллаа 12 дугаар сарын 6-нд Шинэ Зеландын Данидин боомтоос эхлүүлжээ. Аяллын маршрут нь Данидин /Шинэ Зеланд/-Горн хошуу /Чили/, Горн хошуу-Люин хошуу /Австрали/ болон Люин хошуу-Данидин боомт гэсэн гурван үе шаттай аж. Конюхов нийтдээ 27 мянган км замыг сэлүүрт завиар туулах юм.


Аялагчийн Дэлхийн өмнөд тал бөмбөрцгийг тойрохоор төлөвлөж байгаа "АКРОС" завийг Их Британийн зохион бүтээгч Филипп Моррисон аялалд зориулж тусгайлан бүтээжээ.


Конюхов таван удаа дэлхийг тойрон аялсан бөгөөд Атлантын далайг 17 удаа хөндлөн туулсан юм. Тэрбээр дэлхийн хамгийн өндөр зургаан оргилд гарсан анхны орос хүн болсон байна. Конюхов 2007 онд Дэлхийн өмнөд тал бөмбөрцгийг Атлантын, Энэтхэгийн болон Номхон далайгаар "Алые паруса" хэмээх дарвуулт завиар хөндлөн туулж байжээ.


Холбоотой мэдээ