Хятадын хөрөнгийн биржүүдэд гол индексүүд буурлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-06 12:16:57

ХОНКОНГ. /TASS/. “Хятадад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд ногдуулах татварыг 25 хувь хүртэл өсгөнө” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдсэний дараа Хятадын үнэт цаасны зах зээлийн шинэ долоо хоногийн арилжаа эхлэх үед хувьцааны ханш нэлээд хэмжээгээр унажээ. Шанхай, Шэньжэнийн биржүүдэд гол индексүүд тус бүр 3.04 хувь ба 3.98 хувиар доошилжээ.


Хонконгийн хөрөнгийн биржийн "Hang Seng" индекс өнөө өглөө арилжаа эхлэх үед 739 нэгж буюу 2.46 хувиар доошилсноор хөрөнгө оруулагчдын сэтгэл зүйд нөлөөлж буй 30 мянга гэсэн тооноос буурч 29342.39 болжээ.


Автомашин үйлдвэрлэгч "Geely Auto" компанийн хувьцааны ханш 6.8 хувиар, агаарын тээврийн "Air China" компанийн хувьцааны ханш 8.8 хувиар, мах боловсруулалтаар Хятадад тэргүүлж буй "WH Group" компанийн хувьцааны ханш 6.2 хувиар тус тус унасан байна. 


АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп твиттер хуудсандаа “5 дугаар сарын 10-наас эхлэн Хятадын 200 тэрбум долларын бүтээгдэхүүнд ногдуулах татварыг 10 хувиас 25 хувь болгон өсгөнө. Мөн удахгүй Хятадад үйлдвэрлэсэн 325 тэрбум долларын бараанд 25 хувийн татвар ногдуулна” гэж бичсэн нь бизнесийн хүрээнийхнийг түгшээж байна.


"The Wall Street Journal" сонинд бичсэнийг үзвэл, Трампын сүрдүүлэг нь Хятадын эрх баригчдын гайхшралыг төрүүлсэн ба энэ долоо хоногт Вашингтонд болох худалдаа-эдийн засгийн хэлэлцээний ээлжит үе шатыг цуцлах нь зүйтэй эсэхийг Бээжинд хэлэлцэж байна. 

Холбоотой мэдээ