Хууль сахиулах байгууллагуудын хамтарсан ажил хэргийн уулзалт, зөвлөгөөн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Прокурорын газраас санаачлан тус аймаг дахь хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, шалгаж шийдвэрлэх үүрэг бүхий хууль сахиулах байгууллагуудын хамтарсан ажил хэргийн уулзалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнд аймгийн Прокурорын газар, Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний алба, Өмгөөлөгчдийн зөвлөл зэрэг байгууллагын 70 гаруй алба хаагч хамрагдсан ба тус аймгийн бүх сумын хэсгийн төлөөлөгч нарыг хамруулсанаараа онцлогтой болжээ.
Зөвлөгөөнөөр тус аймгийн Прокурорын газраас “Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа болон Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гарч буй зөрчил, цаашид анхаарах асуудлын талаар”, Говь-Алтай аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудал”, Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудал”, Цагдаагийн газраас “2019 оны 1 дүгээр улирлын байдлаар аймгийн хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хуулийн байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гарч буй хүндрэл бэрхшээл, хуулийн байгууллагуудтай хамтран ажиллах талаар”, Шүүхийн шинжилгээний албанаас “Шинжээч томилсон тогтоолд эрх бүхий этгээдийн тавьж буй асуултууд, түүний агуулга” зэрэг сэдвээр мэдээлэл тавьж хэлэлцүүлсэн юм.
Түүнчлэн тулгамдаж буй асуудлууд болох сумдын хэсгийн төлөөлөгч нарын шалгасан зөрчлийн хэрэгт гарч буй алдаа дутагдлыг арилгах, тээврийн хэрэгслийг түр саатуулах болон эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тээврийн хэрэгслийн хадгалалт хамгаалалтын асуудлаар орон нутгийн удирдлагад асуудал тавьж шийдвэрлүүлэх зэрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээ, зарим тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ажлын жагсаалт гарган энэ оны гуравдугаар улиралд хийх зөвлөгөөнөөр хариуцсан байгууллагууд биелэлтийг танилцуулахаар шийдвэрлэлээ хэмээн Говь-Алтай аймгийн Прокурорын газраас мэдээлэв.