Н.Энхбаяр: Иргэн та өөрөө хариуцлагатай байж чадвал залилах гэмт хэргийн хохирогч болохгүй байх бүрэн боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-05-02 14:19:36

Завхан /МОНЦАМЭ/. Цагдаагийн байгууллага залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэг, оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор энэ оны 04 дүгээр сарын 15-30-ны өдөр хүртэлх хугацаанд “Залилан” арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулжээ. Арга хэмжээний хүрээнд иргэдэд эрх зүйн мэдлэг олгох, сургалт нөлөөлөл, урьдчилан сэргийлэх ажлыг түлхүү хийж, олон нийтийн цахим сүлжээ болон хэвлэл мэдээллээр дамжуулан мэдээлэл хүргэсэн байна. Энэхүү арга хэмжээг Завхан аймагт хэрхэн үр дүнтэй зохион байгуулсан. залилах гэмт хэргийн гаралт ямар түвшинд байгаа талаар Завхан аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Энхбаяртай уулзаж ярилцлаа. 


-Сайн байна уу? Өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн сард цаг үеэ олсон арга хэмжээ улс даяар боллоо. Завхан аймгийн хувьд энэ арга хэмжээнд хэрхэн оролцов?

ЕГ-ын Мөрдөн байцаах алба, Урьдчилан сэргийлэх хэлтсээс зохион байгуулсан “Залилан” нэгдсэн арга хэмжээг улс орон даяар явуулж өндөрлөлөө. Завхан аймгийн хувьд энэ аяны хүрээнд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх зорилготойгоор иргэдэд сэрэмжлүүлэх мэдээ, мэдээлэл өгч ажиллалаа. Ер нь Цагдаагийн ерөнхий газраас улсын хэмжээнд залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй зохион явуулах, иргэд гэмт хэрэгт өртөж хохирохоос сэргийлэх, хор хохирлыг таниулан тайлбарлах, хууль эрх зүйн мэдлэг, мэдээлэл өгөх ажлыг тогтмол зохион явуулдаг. Үүний хүрээнд Мөрдөн байцаах албанаас Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтран 15 өдрийн хугацаанд “Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд амжилттай зохион явуулж дууссан.

Энэ арга хэмжээний хүрээнд аймгийн хэмжээнд залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион явуулах ажлын дэд төлөвлөгөөг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр боловсруулан Цагдаагийн газрын даргаар батлуулан амжилттай ажилласан байгаа. Мөн гурван байгууллагын 120 гаруй хүнд залилах гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгч, аймгийн 24 сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгчтэй хамтран энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өртсөн тохиолдолд хаана хэрхэн хандах талаарх сэрэмжлүүлэг мэдээллийг өгч холбогдох сурталчилгаа, зөвлөмж бүхий материалыг иргэдэд тарааж өгсөн байгаа.

Нэгдсэн арга хэмжээ өндөрлөсөн хэдий ч манай цагдаагийн газраас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтийг мэдээллээр хангах үйл ажиллагаа байнга үргэлжилнэ.

-Залилах төрлийн гэмт хэргийн тоон үзүүлэлт Монгол Улсад болон Завхан аймагт ямар түвшинд байна вэ? Энэ хэргийн гаралт, хор хохирлын талаар ямар нэгэн судалгаа, шинжилгээ байгаа юу?

-Сүүлийн үед Монгол Улсын хэмжээнд залилах гэмт хэрэг өссөн үзүүлэлтэй байна. Цагдаагийн байгууллагын статистик мэдээгээр улсын хэмжээнд залилах гэмт хэрэг 2017 онд өмнөх оноос 38,4 хувь өссөн бол 2018 онд 2017 оноос 79.3 хувь өссөн, харин 2019 оны эхний гурван сарын байдлаар улсын хэмжээнд 2150 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 2018 оны нэгдүгээр улиралтай харьцуулахад 19.5 хувиар тус тус өссөн байна.

Залилах гэмт хэрэг жил бүр өсөж, иргэд, байгууллагын өмчлөх эрх, эдийн засагт шууд хохирол учруулж, хор уршиг, хохирол нь нэмэгдэж, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд сөргөөр нөлөөлж байна. Бүртгэгдсэн гэмт хэргийг судлахад нийтийн цахим сүлжээ ашиглах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын арга, гэрээ, хэлцлээр халхавчлан залилах гэмт хэрэг түгээмэл үйлдэгдэж байгаа. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх нэн тэргүүний асуудал нь нийгэмд түгээмэл үйлдэгдэж байгаа үйлдлийн аргыг иргэдэд мэдээлэх, таниулах, залилагч этгээдэд мөнгө, эд зүйлээ өгөхөөс татгалзах сэдлийг бий болгох, сэтгэл санаа, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирно гэдгийг иргэд, олон нийтэд ойлгуулах нь чухал ач холбогдолтой юм.

Бид нэгдсэн арга хэмжээний хүрээнд Завхан аймагтаа олон нийтэд сэрэмжлүүлэх мэдээлэл, сурталчилгааны ажлыг эрчимтэй хийсэн байгаа. Харин аймгийн Цагдаагийн газрын статистик мэдээгээр залилах гэмт хэрэг 2018 онд дөрөв, харин 2019 оны эхний гурван сарын байдлаар таван гэмт хэрэг бүртгэгдсэн нь 2018 оны нэгдүгээр улиралтай харьцуулахад 25 хувиар өссөн тоон үзүүлэлттэй байна. Үүнийг дагаад иргэдэд 2018 онд 2.110.000 төгрөг, 2019 оны эхний гурван сарын байдлаар 3.763.000 төгрөгийн хохирол учирсан байна.

Улсын хэмжээнд залилах гэмт хэргийн улмаас иргэдэд 2018 онд 268 тэрбум, 2019 оны эхний гурван сарын байдлаар 58 тэрбум төгрөгийн хохирол учруулсан тоон мэдээтэй байна. Хохирлын хувьд мөнгөөр илэрхийлэгдэх тоон үзүүлэлт энэ боловч мөнгөөр илэрхийлэгдэхгүй хор уршиг байнга дагаж явдаг.

-Тухайлбал ямар хор уршиг байна вэ?

-Залилах гэмт хэрэгт өртөж хохирсон иргэдэд юуны түрүүн ар гэрт нь таарамжгүй харьцаа бий болж, хэрүүл маргаан тасрахгүй болдог. Эхнэр, нөхөр бие биеэ буруутгах зэрэг. Мөн найз, нөхөд, ойр дотнын хүн, бизнесийн хамтрагч нараас үл итгэх байдал гардаг. Таныг худалч, найдваргүй мэтээр хардаг. Түүнчлэн та бусдаас хүүтэй мөнгө зээлээд залилагч этгээдэд өгсөн бол зээлийн хүүгийн дарамт, эсхүл өөрийн эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн бол эд хөрөнгөө алдаж байгаа гэсэн сэтгэл түгших байдал үүсэж сэтгэл зүйн хүнд дарамт, стресс үүсдэг.

-Сүүлийн үед цахим орчинд үйлдэгдэж байгаа залилах гэмт хэрэг өссөн тухай мэдээлж байна. Цахим орчинд ямар ямар төрлийн гэмт хэргүүд ихэвчлэн үйлдэгдэж байна вэ?

Интернэт, цахим орчинд иргэд өөрийн хувийн мэдээллийн аюулгүй байдлыг сахихгүйгээс и-мэйл хаяг, фэйсбүүкийн нэр, нууц үгийг алдах, улмаар түүнийг гэмт этгээд ашиглан таны ойр дотнын хүн, найз нөхөд рүү чинь мөнгөний яаралтай тусламж шаардлагатай байгаа тухай захидал илгээж мөнгө залилж байна. Гэмт этгээд таны хувийн мэдээллийг авахдаа фишшинг буюу өгөөш өгөх аргаар өөрөөр хэлбэл фэйсбүүк орчинд хүний сонирхол татах худал мэдээлэл гарган улмаар та уг мэдээллийг сонирхож хандалт хийхэд давхар таны фэйсбүүкийн нэр, нууц үг хийж нэвтэрч орж уншихаар өгөөш өгч таны мэдээллийг авч байна.

Энд 2 зүйлийг бид иргэдэд заавал анхааруулах ёстой. Нэгдүгээрт, та дээрх аргаар танд илгээж байгаа өгөөшинд хандалт хийхгүй байх. Хоёрдугаарт, хэрэв танд таны ойр дотнын хүнээс тусламж  хүссэн и-мэйл, захидал ирсэн үед тухайн хүнтэй заавал утсаар ярих, биеэр уулзаж байж тухайн захидалд хариу үйлдэл үзүүлэх шаардлагатай. Мөн иргэдийн фэйсбүүк хэрэглээ нэмэгдэхийн хэрээр үүнийг дагасан гишүүд олонтой, идэвхтэй ажилладаг групп, дагагч олонтой пэйж хуудасны сэтгэгдэл хэсэгт “Танд мөнгө зээлдүүлнэ”, “Та сугалааны ялагч боллоо” гэх зэргээр иргэдийг төөрөгдүүлж, хууран мэхлэх аргаар үйлдэгдэж байна.

-Иргэд сүлжээний бизнесийн хохирогч болох бас элбэг байна. Тэгвэл иргэд энэ төрлийн гэмт хэргээс хэрхэн сэрэмжлэх вэ, яавал хохирогч болохгүй байх вэ?

-Ямар ч иргэн эдийн засгийн үр ашигтай үйл ажиллагаанд оролцох ёстой л доо. Гэхдээ иргэд эхлээд юунд хөрөнгө оруулалт хийх гэж байгаа вэ, үр өгөөж нь хэр бодитой юм бол гэсэн асуултын хариуг математик тооцооллоор гаргаад үзэх нь зөв болов уу. Үүнээс гадна сонирхоод байгаа бизнесийнхээ мэдээллийг бодитоор авч, сайн муу талыг харьцуулан харж байгаасай гэж бодож байна. Хуульчдаас зөвлөгөө авах, санхүүгийн мэдлэгээ дээшлүүлэх зэрэг олон аргаар “сүлжээний бизнес” нэрээр халхавч хийсэн пирамид тогтолцоотой луйврын гэмт хэргээс сэргийлж чадна.

Гэмт хэргийн хохирогч болж, эд материал, сэтгэл санаагаар хохирч байхаар эхлээд судалгаагаа сайн хийж, хуулийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжтэй танилцаж, түүнийгээ ойр дотнынхоо хүмүүстэй хуваалцаж баймаар байна. Энэ төрлийн залилангийн гэмт хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтаар зохицуулж өгсөн байдаг. Цагдаа, прокурорын байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол шүүх 5-12 жилийн хугацаагаар хорих ял оноодог. Иргэдэд дахин хэлэхэд та өөрөө хариуцлагатай байж чадвал энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохгүй байх бүрэн боломжтой.

-Ямар төрлийн гэмт хэрэг ихээр үйлдэгдэн иргэд хохирч байна вэ?

-Залилах гэмт хэргээс хамгийн ихээр үйлдэгдэж байгаа, иргэдэд хохирол учруулж байгаа гэмт хэрэг бол хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг “худалдах, худалдан авах”, “түрээслэх, түрээслүүлэх” “арилжих” “барьцаалах”, иргэд хоорондоо хүүтэй мөнгө зээлэх зэрэг гэрээгээр халхавчлан үйлдэгдэж байгаа залилах гэмт хэрэг байна. Энэ төрлийн гэмт хэрэг 2018 онд 4425 шалгагдсан бол 2019 оны нэгдүгээр улиралд 865 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. 

Мөн гадаад улсын виз гаргаж өгнө гэж залилсан гэмт хэрэг 2018 онд 619 үйлдэгдсэн бол 2019 оны нэгдүгээр улиралд 163 гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Тухайлбал БНСУ-ын визний мэдүүлэг, материал хүлээн авах эрх бүхий 10 байгууллага байхад иргэд эдгээр эрх бүхий байгууллагад биш интернэт, сошиал орчинд “виз найдвартай гаргана” гэсэн хуурамч зарын дагуу зальт этгээдэд хандаж хохирсоор байна. Сүүлийн гурван жилд өссөн гол шалтгаан нь иргэд илт худал амлалт, төөрөгдүүлсэн зар сурталчилгаанд итгэж мэдээллийн бодит үнэнийг нягтлан шалгахгүйгээр өөрийн өмч, эд хөрөнгө, хуримтлал, мөнгөө бусдад залилуулж хохирсон байна.

Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргийн хор уршиг, үйлдлийн арга, хэлбэрийг таниулах, иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, залилах гэмт хэрэгт өртөж хохирохгүй байх, урьдчилан сэргийлэх олон талт ажил, арга хэмжээг үе шаттай, тасралтгүй зохион явуулж мэдээлэл өгч сурталчилсаар байтал залилах гэмт хэрэгт өртөж хохирч буй иргэд төдийлөн буурахгүй байна.

Энэ нь иргэд өөрийн үйлдэлдээ хариуцлагагүй хандаж, мэдээллийг нягтлахгүйгээр аливаад хэт хөнгөмсгөөр хандаж байгаагаас шалтгаалж байна гэж харагдахаар байна. Үүнтэй холбоотой бодит үйл явдал ярихад сүлжээний гэх тодотголтой хэрэг байна. Энд иргэдийг элсүүлэхдээ хүн итгэх араггүй, бодит байдалд байх ямар ч боломжгүй, ямар ч баталгаа байхгүй амлалт өгөхөд иргэд түүнд итгэн дахин дахин элсэж орон мөнгөө өгч хохирсоор байна. Өөрөөр хэлбэл өмнө сүлжээнд элсээд уг асуудал нь цагдаад шалгагдаж байхад хохирогчоор ирж мэдүүлэг өгөөд гараад дахин өөр төрлийн сүлжээ хайгаад элсэх гэсэн юм, өмнө сүлжээнд элсээд хохирсон, наадах чинь найдвартай юу гээд асуугаад явж байх жишээтэй. Мөн визний залилан байна. Визний шаардлага хэд хэдэн нөхцөлийг хангаж байгаа боловч ганц нэг заалтыг хангахад эргэлзээ төрөөд тэгээд интернэт, сошиал орчноос виз найдвартай гаргана гэсэн зарын дагуу хүнд хандаж байна. Тухайн хүн тэднийг тосож аваад янз бүрийн амлалт өгдөг тэр нь амьдралд байх боломжгүй. Тэд таны материалыг аваад нийгмийн даатгалын шимтгэл төлөлт харуулсан хуурамч бичиг баримт, банкны дансны үлдэгдэл харуулсан, ажлын газрын тодорхойлолт гэх мэт хуурамч бичиг баримт бүрдүүлэн виз мэдүүлж байна. Гэтэл тухайн элчин сайдын яамнаас материалыг хянаад нэгдүгээрт таныг хуурамч бичиг баримт үйлдсэн гэж материалыг цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүргүүлж, дараа нь таныг дахин виз хүсэх эрхийг 5-10 жил хүртэл хугацаагаар хасаж байна. Үүнээс болж та тухайн үед эд хөрөнгөөрөө хохирохоос гадна, хуурамч бичиг баримт үйлдсэн гэж цагдаагийн байгууллагад шалгагдахад хүрдэг. Энэ бол тухайн нөхцөлд гарч байгаа хохирол.Тэгвэл ирээдүйд бий болох хор уршиг үргэлжилсээр л байдаг.

-Тодруулбал?

-Энэ нь юу бэ гэвэл магадгүй та тухайн үед виз хүсэгчид тавих шаардлагыг хангахгүй байсан бол магадгүй нэг эсвэл хоёр жилийн дараа та бүх шаардлагыг хангаж, ажлын, хувийн шалтгаанаар дахин виз хүсэх больё гэж бодъё гэтэл та өмнө нь залилагч этгээдэд хандсаны улмаас таван жил виз хүсэх боломжгүй болсон байдаг. Энэ нь таны ирээдүйд бий болж болох боломжийг залилагч танаас давхар залилж авсан гэдгийг өнгөрсөн хойно мэддэг нь харамсалтай юм. Мөн иргэд огт танихгүй хүнд өөрийн дансыг ашиглуулах явдал гарах боллоо. Тань дээр огт танихгүй хүн ирээд ахаа, эгчээ би хөдөөгөөс ирээд бүх бичиг баримтаа алдчихлаа, автобус унааны мөнгөгүй болчихлоо би аав, ээж, эгчээсээ мөнгө шилжүүлж авах гэсэн юм та надад дансаараа мөнгө аваад өгчих гэж гуйна. Та тухайн үед хөөрхий ядарсан, зүдэрсэн хүн гэж бодоод тусалдаг. Гэтэл та тэр хүний гуйлтыг биелүүлснээр өөртөө асуудал үүсгэдэг. Гэтэл үнэн хэрэгтээ гэмт этгээд хэн нэг хүнээс мөнгө залилж авлаа. Ингээд дансаар мөнгө шилжүүлж авах болоход таны дансыг тэр хүнд өгдөг, харин мөнгө шилжүүлж байгаа хүн нэр устай, данстай хүн  дугаараа хэлчихээр бүрэн итгэж байдаг.

-Тэгвэл иргэдэд залилангийн гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд юуг зөвлөх вэ?

-Иргэн та бусадтай аливаа гэрээ, хэлцэл байгуулахдаа мэргэжлийн хуульч, өмгөөлөгчөөс зөвлөгөө авах. Виз мэдүүлэх албан ёсны эрх бүхий байгууллагад хандах, тухайн улсын элчин сайдын яамны албан ёсны веб сайтаар үйлчлүүлж, мэдээллээ нягтлах. Бичиг баримтын үнэн эсэхийг төрийн байгууллагаар шалгуулах. Мэдээллийн эх сурвалжийг заавал тодруулж, тантай харилцаж буй хүн хэн гэдгийг бүрэн таньсны дараа үйлдэл хийх. Цагдаагийн байгууллагаас мэдээлэл лавлагаа авч, сэжигтэй тохиолдолд цаг алдалгүй хандах.

Та өөрийн үйлдэлдээ хариуцлагатай хандаж гэмт хэрэгт өртөж хохирохгүй байхад анхаарах шаардлагатай. Тухайлбал иргэдийн и-мэйл, фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтрэн тэдний нэрээр ойр дотны найз, нөхөд, ах, дүү нараас мөнгөний тусламж үзүүлээч гэх зэргээр мөнгө авсан гэмт хэрэг 2018 онд 436 шалгагдсан бол 2019 оны нэгдүгээр улиралд 127 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Мөн иргэдээс гар утас худалдаж авна, утсаар чинь яриад өгье гэх зэргээр гар утас залилж байгаа гэмт хэрэг 2018 онд 338 шалгагдсан бол, 2019 оны нэгдүгээр улиралд 67 гэмт хэрэг, хуурамч баримт бичиг ашиглан бусдыг залилсан гэмт хэрэг 2018 онд 314 шалгагдсан бол, 2019 оны нэгдүгээр улиралд 83 гэмт хэрэг тус тус улсын хэмжээнд бүртгэгдсэн байна.

Түүнчлэн таны мөнгийг богино хугацаанд 100-380 дахин өсгөж өгнө гэх хуурамч амлалт өгсөн сүлжээний гэх тодотголтой “Олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын арга” ашиглан бусдад хохирол учруулсан гэмт хэрэг 2018 онд 107 шалгагдсан бол, 2019 оны нэгдүгээр улиралд 14 гэмт хэрэг тус тус шалгагдсан байна. Энэ нь иргэд олон нийтэд энэ төрлийн гэмт хэргийн хэлбэр, аргуудын талаарх урьдчилан сэргийлэх, сэрэмжлэх мэдээллийг байнгын өгч байхыг шаардаж байна. Мөн та шударга хөдөлмөрөөрөө олсон өмч, хөрөнгө, хуримтлал, мөнгөн хөрөнгөө шунахай этгээдэд алдахгүй байхад анхаарч, нэг ч гэсэн хүнийг хохирохоос сэрэмжлүүлэх зорилгоор энэхүү мэдээг олон нийтэд үргэлжлүүлэн түгээхийг хүсэж байна. 


Холбоотой мэдээ