МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр таван хүн томилохыг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-19 13:39:11
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз /МҮОНРТ/-ийн Үндэсний  зөвлөлд шинээр таван гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэж, олонх дэмжлээ.


Дээрх зөвлөлийн таван гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан. Тиймээс тэдний оронд томилох гишүүдийг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас нэр дэвшүүлжээ. Ерөнхийлөгчийн зүгээс түүхч Д.Өлзийбаатарыг нэр дэвшүүлсэн бол Засгийн газраас Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Н.Жанцанг дэвшүүлсэн байна. Харин УИХ-аас дэвшүүлэх гурван хүний нэрд  20 гаруй хүн өрсөлдсөнөөс, С.Алтанцэцэг,  В.Бат-Эрдэнэ, Д.Батсүх нарыг сонгож, дэвшүүлжээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд санал хэлж, тайлбар сонслоо.


УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: МҮОНРТ-ийн мэдээллийг харахад, хэт нэг талыг барьсан байдаг. Нийгэмд аж ахуй эрхлэхэд дарамттай байдаг тухай мэдээлэл ихээр гарч байна. Энэ тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй.


УИХ-ын гишүүн О.Баасанхүү: МҮОНРТ-ээр нийгэмд ёс зүй, гэр бүлийн үнэ цэнийг харуулсан мэдээлэл нэвтрүүлэх хэрэгтэй. Улаанбаатарт жилд 2500 хүн гэр бүлээсээ салж байна. Түүхч хүн нэр дэвшиж байгаад талархаж байна. Хүүхдүүдэд түүх, танин мэдэхүйн нэвтрүүлэг гаргаж өгөхийг хүсье.


УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Тус телевиз “олон нийтийн” гэх нэрээ хамгаалж ажиллахыг хүсдэг. Энэ нэр сүүлийн үед алдагдаж байгаа нь ажиглагдсан. Телевизийг хүн ажиллуулах болохоос, техник ажиллуулахгүй. Телевизийн ажил хүнд байдаг. Тиймээс цалин хөлсийг нь нэмэхэд анхаарах хэрэгтэй. МҮОНРТ-д ажиллах хүмүүсийг 1990 оноос өмнө захиалгаар бэлддэг байсан. Төсөв баталж өгөхдөө техник технологиос илүүтэй боловсон хүчнээ бэлдэхэд анхаарах хэрэгтэй. Үндэсний дархлааг бий болгож байгаа хүмүүсээ урамшуулж, чанаржуулах бодлого алдагдаж байна. Үндэсний зөвлөл үүн дээр анхаараарай.


Нэр дэвшигч түүхч, Д.Өлзийбаатар: МҮОНРТ нь нийгмийг төлөвшүүлэхэд чиглэж ажиллах ёстой. Дээрх саналыг анхаарч ажиллана.


Нэр дэвшигч С.Алтанцэцэг: Энэхүү байгууллагаас хөдөлмөрийн гараагаа эхэлж байсан. Тиймээс тус телевизийн хөтөлбөр, агуулга, хэлбэр хийцийг анхаарч явдаг. МҮОНРТ дөрвөн сувгаар мэдээлэл дамжуулдаг. Түүнээс танин мэдэхүйн чиглэлээр ажилладаг "MNB world" суваг нь монгол ахуйг ямар хэлбэр, агуулгаар дамжуулахаа хараахан тогтоогүй нь ажиглагдсан. Ёс зүйн асуудалд анхаарч, хариуцлагатай сэтгүүл зүйг төлөвшүүлэхэд чиглэж ажиллана.


Нэр дэвшигч Н.Жанцан: Зөвхөн сэтгүүлч байдаг газар гэж бодож байлаа. Телевизийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулахад хуульч хүн хэрэгтэй гэж Засгийн газраас миний нэрийг дэвшүүлжээ. Тиймээс телевизийн ажлыг хуулийн хүрээнд, олон нийтийн эрх ашигт нийцүүлж явуулна.


Нэр дэвшигч В.Бат-Эрдэнэ: Энэхүү телевизэд 10 гаруй жил ажиллаж байсан. Тиймдээ ч нийтлэлийн бодлогыг нь ажиглаж явдаг. Сэтгүүлчдийн ур чадвар, давтан сургалтыг сайжруулахад анхаарч ажиллана.


Нэр дэвшигч Д.Батсүх: Өнөөгийн нийгмийн ёс суртахууныг илэрхийлэх чиг хандлага дээр ямар бодлого барих, залуусыг хүмүүжүүлэх чиглэлээр анхаарч ажиллана.


УИХ-ын гишүүн Ж.Батзандан: 1990 оноос арилжааны телевиз бий болж эхэлсэн. Тиймээс хэвлэл, мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангахаар МҮОНРТ-ийн статусыг хэвээр үлдээж, бие даасан хуультай болгосон. МҮОНРТ арилжааны телевизээс ялгаатай. Монголд амьдарч байгаа 3 сая 200 мянган хүнээр тогтохгүй дэлхийд амьдарч байгаа олон сая монгол үндэстний эрх ашгийг хамгаалах, магтан дуулж байх ёстой. “Microsoft”, Apple”-д ажиллаж байгаа залуус, хилийн чанадад компани байгуулаад, амжилт гаргаж яваа монгол үндэстнийг сурталичлж ажиллах хэрэгтэй.


УИХ-ын гишүүн Ж. Мөнхбат: Тоног төхөөрөмжийн хувьд харьцангуй сайжирсан. Үндэсний зөвлөлд хоёр хуулийн хүн, хоёр сэтгүүлч, нэг түүхч байна. Нийгэмд байгаа хар мэдээнд бусадтай уралдаж гүйдэг телевиз битгий байгаасай. Нийгмийг сайн сайханд хөтөлдөг, хөтөч нь байгаасай гэж хүсэж байна. Дэлхийд амжилттай яваа монгол залуусын тухай нэвтрүүлэг хийж, залуусдаа үлгэр дуурайл үзүүлэх хэрэгтэй.


МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдох нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад Д.Өлзийбаатарыг хуралдаанд оролцсон гишүүдийн 77.1 хувь, Н.Жанцанг 72.9, С.Алтанцэцэгийг 72.3, В.Бат-Эрдэнийг 76.6, Д.Батсүхийг  70.2 хувь нь  дэмжив.  Мөн бүрэн эрхийн хугацаа дууссан тул МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг чөлөөлөх тогтоолын төслийг баталлаа.


  • Нэр дэвшигч Д.Өлзийбаатар нь 1960 онд Улаанбаатар хотод төрсөн, төрийн шагналт, түүхийн ухааны доктор. Тэрбээр Баянхонгор аймагт түүхийн багш, Улсын төв архивд архивч, Цагаатгалын комисст судлаач, Архивын ерөнхий газрын дарга, дэд дарга, ШУА-ийн Түүхийн хүрээлэнд Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, 2016 оноос МУИС-ийн ШУС-ийн түүхийн тэнхимийн багш, судлаачаар ажиллаж байв.
  • Нэр дэвшигч Н.Жанцан нь 1948 онд Сүхбаатар аймагт төрсөн, хууль зүйн докторын зэрэгтэй, Цэргийн дээд сургууль, МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг тус тус төгссөн. Улсын прокурорын газарт хэлтсийн дарга, МАХН-ын төв хороонд хэлтсийн орлогч эрхлэгч, эрхлэгч, 1990-1992 онд  Улсын бага хурлын гишүүн, 1992-2018 онд Үндсэн хуулийн цэцийн дарга, орлогч даргаар тус тус ажиллаж байв.
  • Нэр дэвшигч С.Алтанцэцэг нь ОХУ-ын Ждановын нэрэмжит сургуульд бакалавр, Берлиний Гумбольдын их сургууль, АНУ-ын Сеатле хотын их сургуульд магистр хамгаалсан. МҮОНРТ-ийн "Монголын мэдээ" агентлагт сурвалжлагч, редактор, ОХУ-д суугаа тусгай сурвалжлагч, МОНЦМЭ агентлагт гадаад сурталчилгааны ерөнхий редактор, ерөнхий захирал, МСНЭ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ.
  • Нэр дэвшигч В.Бат-Эрдэнэ нь Эрхүүгийн Улсын их сургуулийг сэтгүүлч, МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулий эрх зүйч мэргэжлээр тус тус дүүргэсэн. Мэдээлэл, радио телевизийн улсын хорооны нэгдүгээр орлогч дарга, Монголын радиогийн дарга, радиогийн “Хурд” агентлагийн захирал, “Ардын эрх”, “Засгийн газрын мэдээ” сонинд сурвалжлагч, Хууль зүйн үндэсний хүрээлэнд эрх зүйн мэдээлэл, сурталчилгааны албаны захирал зэрэг алба хашиж байсан.
  • Нэр дэвшигч Д.Батсүх нь МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг дүүргэсэн Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч, Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хуульч-өмгөөлөгч юм.
Холбоотой мэдээ