Шилдэг технологич багшаар Ховд хөгжил Политехникийн коллежийн багш Ц.Дэлгэрсайхан тодров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-04-18 16:33:13

Завхан /МОНЦАМЭ/. Завханд баруун бүсийн Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын багш, суралцагч нарын дунд  бүсийн уралдаан болж, мэргэжлийн боловсролын долоон сургуулийн 90 гаруй багш, оюутнууд оролцжээ.

Энэ жил шилдэг илтгэл, шилдэг технологич багш, оёдлын мэргэжлийн ур чадварын уралдаанууд болжээ. Уралдааны шилдэг технологич багшийн төрөлд тэргүүн байрыг Ховд хөгжил Политехникийн коллежийн багш Ц.Дэлгэрсайхан эзэлж удаах байруудад Завханы Политехникийн сургуулийн багш Д.Нямбаяр, Э.Бат-Өлзий нар эзэлжээ.

Шилдэг илтгэл тавьсан багшаар Ховд хөгжил Политехникийн коллежийн багш Б.Энхтуяа, арга зүйчийн төрөлд тэргүүн байрыг Увс Улаангом Политехникийн коллежийн багш Н.Жамбалнямбуу, оёдлын мэргэжлийн ур чадварын багш нарын төрөлд тэргүүн байрыг Завханы Политехникийн коллежийн багш Г.Энхцэцэг, суралцагч нарын төрөлд тэргүүн байрыг Говь-Алтай аймгийн Б.Насанбуян, дэд байрыг Завханы Тосонцэнгэлийн МСҮТ-ийн суралцагч Б.Баасанжав, Завханы Политехникийн суралцагч М.Эрдэнэзул нар тус тус эзэлжээ.

Дашрамд Завханы Политехникийн сургууль нь сүүлийн гурван жил дараалан шилдэг сургуулиар шалгарчээ.


Оюутнуудын эцэг эх хүүхдүүдийнхээ бүтээлийн үзэсгэлэнг үзжээ

Завханы Политехникийн сургууль 800 гаруй суралцагч оюутныхаа эцэг эх бүртэй нь уулзаж жил бүр эцэг эхийн нэг өдөр арга хэмжээг зохион байгуулж байна.

Энэ жил тус сургуулиас эцэг эхийн нэг өдөр арга хэмжээг зохион байгуулан 70 гаруй эцэг эхийн төлөөлөл оролцож хүүхдүүдийнхээ сургалтын орчин нөхцөлтэй нь танилцжээ. Мөн үеэр эцэг эхийн зөвлөлийг байгуулж эцэг эх, оюутан суралцагч, багш, сургуулийн гурван талт хэлэлцээрийг байгуулж хүүхдүүдийнхээ сурлагын чанар, мэргэжлийн ур чадварт ахиц үзүүлэх, сургуулиа төгсөөд хэрхэн ажлын байраар хангагдах, сургуулийн орчин нөхцөлийг сайжруулахад хамтын оролцоотойгоор ажиллахаар болжээ.

Энэ арга хэмжээний үеэр тус сургуулийн мэргэжлийн ангийн хичээлийн сургалт хэрхэн явдаг, багш, суралцагчдын харилцаа хандлага, хүүхдүүдийн сурч буй сургуулийн орчин нөхцөл хэрхэн хангагдсан талаар эцэг эхчүүд өөрсдийн нүдээр харж санал хүсэлтээ уламжилжээ.

Мөн сургуулийн цех, мэргэжлийн ангиудын дадлагын хичээлд оролцож суралцагчдын бүтээлийн үзэсгэлэнг үзэж мөн тогооч мэргэжлээр суралцаж буй суралцагчид өөрсдийн хийсэн хоолоор эцэг эхчүүдээ дайлжээ. Түүнчлэн үсчний мэргэжлээр суралцаж буй суралцагчид зарим эцэг эхийн үсийг засах, будах үйлчилгээг үзүүлснээс гадна мужаан, оёдлын ангийн суралцагчид өөрсдийн бүтээлийн үзэсгэлэнг үзүүлжээ.

Мөн үеэр тус сургуулийн оюутны дотуур байрны орчин нөхцөлтэй танилцжээ. Ер нь мэргэжлийн боловсрол сургалтыг салбар нь өөрөө чадамжид суурилах сургалт үнэлгээний салбарт шилжжээ. Энэ нь хуучинаар кредит системээр суурилсан буюу хичээлийн суралцах цагаа суралцчихсан, кредитээ гүйцээсэн бол “Чи төгс” гэдэг байсан одоо суралцах хугацаа чинь хамаагүй чи хичээлүүдийнхээ чадамжуудыг сурсан уу? Сурсан бол төгсөх эрх нь нээлттэй гэсэн чадамжид суурилж хүүхэд бүр чадамжтай мэргэжлийн ажилчин болж төгсөж байгаа талаар сургуулийн захиргаанаас мэдээлж байна.

Политехникийн сургуулийг сонгон суралцаж байгаа манай хүүхдүүд мэргэжилтэй төдийгүй, амьдралын их сургуульд суралцаж байгаад эцэг эхчүүд бид баяртай байдаг. Түүнээс гадна Политехникийн сургуулийн сургалтын орчин, сургалтын агуулга, хүүхдүүдэд маань сурч боловсрох орчин нөхцөл үнэхээр сайн байгаа нь нүдэнд илт байна. Дотуур байр нь гэхэд 150 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай 26 өрөөтэй. Дотуур байранд амьдарч буй суралцагчид төрөөс хоолны мөнгө өгдөг юм байна. Суралцагчид маань 70 гаруй мянган төгрөгийн тэтгэлэг авч байна. Тиймээс эцэг эхчүүд бид сургуулийн захиргаа, багш нартайгаа хамтран ажиллахад урамтай байна хэмээн эцэг эхийн нэг өдөрт оролцож буй төлөөлөгчид дуулгалаа. 

Холбоотой мэдээ