Төв аймгийн Зуунмод суманд “Атарчдын талбай”-н шав тавих ёслол боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-04-18 16:39:45

Төв /МОНЦАМЭ/. Монгол Улс 1959 оноос атар газрыг эзэмшиж, газар тариаланг шинжлэх ухааны үндэслэлтэй ашиглан хөгжүүлэх аянг төрийн бодлого шийдвэр, тогтоолын дагуу гүйцэтгэж иржээ.

Атар газрыг эзэмших анхны аяныг 1959 оны 3 дугаар сард МАХН-ын Төв хорооны III Бүгд хурлаас тогтоол гарч эхлүүлж байсан бол хоёр дахь аяныг 1976 онд, гурав дахь аяны тогтоол 2008 онд гарч атар газрыг төлөвлөгөөтэй бодлоготой хэрэгжүүлсэн байна. Атар газар эзэмшиж газар тариаланг шинжлэх ухааны үндэслэлтэй бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ой энэ жил тохиож байна.

Энэ ойн хүрээнд Төв аймгийн газар тариаланчдын зөвлөгөөнийг өчигдөр Зуун мод суманд зохион байгуулсан юм. Нээлтийн үйл ажиллагаанд аймаг болон сумдын удирдлагууд, хөдөлмөрийн баатар, ахмад тариаланчид, гавъяат агрономичид, механикжуулагчид болон 27 сумын 300 гаруй үр тариа, тэжээл, хүнсний ногоо үйлдвэрлэгчдийн төлөөлөл оролцлоо.

Атрын 60 жилийн ойн арга хэмжээнд хөдөлмөрийн баатар Ц.Сандагдалай /жаргалант сумын тракторчин,/  Гавъяат механикжуулагч Х.Лхагважав /цээл сумын харъяат/, Ж.Ариунболд /жаргалант сумын харъяат/, Б.Баатаржав /жаргалант сумын харъяат/, Гавъяат агрономи Г.Нэргүй /жаргалант сумын харъяат/, Ж.Сүрэнхорлоо /зуунмод сумын харъяат/, Ц.Ширчинжав /цээл сумын харъяат/, Д.Дамдинсүрэн /цээл сумын харъяат/ нар урилгаар оролцов.

Ахмад тариаланчдыг төлөөлж Монгол Улсын хөдөлмөрийн баатар механикжуулагч Ц.Цэрэн-Очир, Монгол Улсын гавьяат агрономч Г.Нэргүй нар залуу тариаланчдад өөрийн ажлын туршлагаас хуваалцаж, үг хэлсэн юм.

Төв аймгийн тариаланч ногоочид Монгол Улсын үр тарианы 25,2 хувь, төмсний 49 хувь, хүнсний ногооны 11 хувь, малын тэжээлийн 49 хувийг дангаараа үйлдвэрлэдэг газар тариалангийн бүс нутаг юм.

Төв аймаг атар газар эзэмшиж, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэх болсон үеэс тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа ажээ. Атрын нэгдүгээр аянаас 1,4 сая тонн, хоёрдугаар аянаас 2,9 сая тонн, гуравдугаар аянаас 7,9 мянган тонн ургац хураан авч 5,2 сая тонн үр тариа үйлдвэрлэж, хүн ардынхаа хүнсний хэрэгцээг хангасан байна.  

Энэ онд үр тариа 91 мянган га-д тарьж 152.850 тонн, төмс 5.990 га-гаас 8.6855 тонн, хүнсний ногоо 1.600 га-гаас 18.200 тонн, малын тэжээл 8.500 га-д тарьж 18.700 тонн ургац хураан авах зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Атар газар эзэмшиж, газар тариаланг хөгжүүлэх замаар хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, эдийн засгийн хөгжлийг хурдасгах их үйлсэд нөр их хүчин зүтгэж, хөдөлмөр бүтээлээ зориулдаг хүмүүс бол тариаланчид билээ.

Тиймээс аймгийнхаа тариаланч, ногоочдын хөдөлмөр, зүтгэлийг иргэд, олон түмэнд сурталчлан таниулах зорилготой Төв аймгийн Зуунмод суманд Атарчдын талбай-н шав тавих ёслолыг газар тариаланг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлж ирсэн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан юм.

Зөвлөгөөний үеэр “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд хүнсний ногоо тариалах арга хэмжээнд хамрагдсан 8 сумын 12 бүлэгт “Батламж” гардуулжээ.

Төв аймгийн газар тариалангийн үйлдвэрлэлийн зорилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, ургамал газар тариалангийн хүрээлэнгийн тариалангийн технологи судлалын секторийн ажилтан, доктор С.Сайханцэцэг “Улаан буудайн үйлдвэрлэл, технологийн бодлого, тулгамдсан асуудал” сэдвээр, ургамал газар тариалангийн хүрээлэнгийн таримал ургамлын селекцийн секторийн эрхлэгч доктор Б.Ганбаатар “Үр тариа сорт” сэдвээр, ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн захирал доктор А.Буянбаатар “Хөрс хамгаалах арга технологи” сэдвээр, Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн хөрс агрохимийн лабораторийн  ажилтан докторант Б.Баярсайхан “Төв аймгийн тариалангийн талбайн хөрсний  шинжилгээ”  сэдвээр Г.Нэргүй Монгол Улсын гавьяат агрономч “Үр тарианы үйлдвэрлэлийн зөвлөмж, анхаарах асуудал” сэдвээр газар тариалангийн зөвлөгөөнд илтгэл тавьж хэлэлцүүлжээ.


Холбоотой мэдээ