Архитекторууд музейн барилгыг дуудлага худалдаанд оруулахыг эсэргүүцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-04-17 14:33:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Архитекторын эвлэлээс мэдэгдэл гаргалаа. Уг мэдэгдлийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт хүргүүлсэн байна.

Уг мэдэгдэлд, "Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Таны  "Хотын төвийн байршилтай ашиглалтын шаардлага хангахаа больсон музейнүүдээ Төрийн өмчийн газар руу шилжүүлээд дуудлага худалдаанд оруулаад, олсон санхүүжилтээрээ шинэ музейн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх боломжийг бид судалж байгаа” гэсэн санааг Монголын архитектурын хамт олон эсэргүүцэж байна. Таны “ашиглалтын шаардлага хангахаа больсон музейнүүд” гэдэгт "Чойжин ламын сүм музей", Занабазарын нэрэмжит "Дүрслэх урлагийн музей", "Үндэсний түүхийн музей", "Байгалийн түүхийн музей"-н барилгуудыг нэрлэсэн гэж ойлгож байна. Эдгээр барилга нь Улс, нийслэлийн хамгаалалтад байдаг, мөн соёлын өвийн бүртгэл мэдээллийн сан, Монголын архитектурын өвд бүртгэгдсэн, хосгүй үнэт, дурсгалт барилгууд юм. Дээрх дурсгалт  барилгуудыг "Азийн архитектурын өв"-д 2011 онд Монголын Архитекторуудын Эвлэл бүртгүүлсэн билээ. "Түүхэн дурсгалт барилга байгууламжийн хадгалалт, хамгаалалт-2017" Улсын анхдугаар зөвлөгөөнийг Монголын Архитекторуудын Эвлэл, БСШУСЯ, мэргэжлийн бүх байгууллагатай хамтран амжилттай зохион байгуулж, зөвлөгөөнөөс  "Зөвлөмж" гарган тухайн үеийн Засгийн газарт, танай яамны газруудад хүргүүлж байсан.  Харамсалтай нь, энэхүү  зөвлөмжийг ойлгож  хүлээж аваагүй. Мөн БСШУСЯ-ны мэргэжлийн зөвлөлтэй  архитекторууд хамтран ажиллах хүсэлт гаргасан боловч хүлээж авахгүй байна. Таны шийдвэр гарч музейн барилгуудыг дуудлага худалдаанд оруулж худалдсанаар, худалдаж, хувьчилж авсан газрын эзэд нь уг дурсгалт барилгыг нураагаад, хотын төвийн үнэ цэнэтэй байршилд ямар нэгэн барилга барих л болно. Ингэснээр Монголын уран барилгын сор болсон, нүүдэлчин зохион бүтээгчдийн оюун санаа, сэтгэлгээний тусгал болсон онцгой содон дурсгалт барилгыг устгаж, хотын орон зайн энэхэн орчны өнгө төрхийг алдагдуулах үйл ажиллагааг дэмжигч, хошуучлан зохион байгуулагч болж байгаагаа ойлгож, түүх соёлоо устгах  шийдвэр  гаргахгүй байхыг Танаас шаардаж байна.  Та нэг сарын өмнө мөн л "Спортын төв ордон"-ы барилгыг нурааж "өндөр шилэн ордон" босгох тухай  ярьж байсан. Энэ нь мөн л Монголын архитектурын дурсгал тул дур мэдэн архитектур, соёлын дурсгалыг устгах ажиллагааг "Соёлын сайд" цаашид явуулахгүй байхыг хүсье. Улс орны хөгжлийн толь, түүхэн өв уламжлал болсон үл хөдлөх хөрөнгийн баталгаа архитектур, хот байгуулалтын шилдэг бүтээлийг гагцхүү мэргэжлийн хүмүүс, мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор шийдвэрлэдэг хууль эрх зүйг мөрдөж ажиллахыг эрхэм Сайдаас хүсье. Түүхэн, дурсгалт барилга, музейн барилгуудын чанар аюулгүй байдлыг хангах, тэдгээр барилгын хийц, бүтээцийг хүчитгэн  "сэргээн засварлаж", түүхэн үнэ цэнийг өсгөн нэмэгдүүлэх зэрэг олон аргыг бид хэрэглэн дурсгалт барилгуудаа хадгалан, хамгаалах нь улс орны эдийн засагт ч үр ашигтай, зөв гарц билээ.  

Та ярилцлагадаа “Монголд өнөөдөр музейн зураг төсөл хийдэг мэргэжлийн архитектор байхгүй байна” гэжээ. Монголын архитекторуудын мэдлэг, мэргэжлийн ур чадвар нь олон улсад ч хүлээн зөвшөөрөгдөх түвшинд хүрсэн ба  үндэсний соёл, түүх, уламжлалаа хадгалсан архитектурын содон бүтээл туурвих чадварлаг архитекторууд бидний дунд олон байгааг Танд хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Музейн барилгын төлөвлөлтөөр бидний ахмад үеийнхэн, залуу үеийн төлөөлөл болсон мэргэшсэн олон архитекторууд дотоод, гадаадад музей, театрын барилгын зураг төслийг бие даан, хамтран боловсруулж хэрэгжүүлсээр байна. Монголын Архитекторуудын Эвлэл нь дурсгалт барилгыг сэргээн засварлах чиглэлд олон улсын мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, сэргээн засварлах чиглэлээр мэргэшүүлэх сургалтыг 2018 оноос  зохион байгуулж байна. Монгол Улсын Засгийн газар  сүүлийн 30 гаруй жилд санаачлаагүй, гаргаагүй шийдвэр гаргасныг  Монголын  архитекторын хамт олон бид  дэмжиж  байна. Тухайлбал: Театрын урлагийн орчин үеийн өндөр технологитой, өвөрмөц загвар хийцтэй "Үндэсний их театр"-ын барилга, Үндэсний урлагийн цуглуулга, түүх, архелоги, палентологийн үзмэрүүдийг дэлхий нийтэд дэлгэн танилцуулах "Байгалийн түүхийн музейн цогцолбор" барилга байгууламж шинээр барихаар зарлалаа. Засгийн газрын энэхүү шийдвэрийг хэрэгжүүлж "Үндэсний их театр"-ын болон "Байгалийн түүхийн музей"-н цогцолбор барилга байгууламжийн зураг төслийн уралдааныг дотоод, гадаадын архитекторуудын дунд зарлан, шилдэг санаа, зураг төслийг шалгаруулж ажиллавал, Монголын архитекторууд бид нийгмийн өмнө хүлээх хариуцлага, ёс зүйг  мөрдлөг  болгон мэргэжлийн туслалцаа үзүүлэн Та бүхэнтэй хамтран  ажиллахад бэлэн байна" хэмээн эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.


Холбоотой мэдээ