ДЭМБ-ын судалгаанд 200 гаруй иргэн сайн дураараа хамрагдаад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-04-13 12:08:40

Говь-Алтай /МОНЦАМЭ/ 2013 оны гуравдугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн судалгаанд Говь-Алтай аймгийн 200 гаруй иргэн сайн дураараа хамрагдаад байна.

Уг судалгааг ДЭМБ-ын дэмжлэгээр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс улс даяар явуулж байгаа бөгөөд гуравдугаар сарын 15-наас Говь-Алтай аймагт явуулж эхэлжээ. Судалгаанд ухаалаг утас ашиглагч хүн бүр сайн дураараа оролцох боломжтой гэнэ. Тодруулбал,  ДЭМБ-аас нийтийн эзэмшлийн газруудыг 100 хувь тамхигүй орчин болгох, шууд ба шууд бусаар сурталчлахыг илрүүлэх “Tobacco Spotter” гэх шинэ аппликейшн боловсруулсны дагуу иргэн ухаалаг утсандаа татсанаар нийтийн эзэмшлийн талбай, тээврийн хэрэгсэл, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн орчинд тамхины хэрэглээ ямар байгааг тандан судлах юм.

Иргэн судалгаанд оролцсоноор Тамхины хяналтын хуулийн хэрэгжилт ямар түвшинд байна вэ гэдгийг үнэлж дүгнэх чухал ач холбогдолтой. Тиймээс та бүхэн энэ сардаа багтан судалгаандаа идэвхтэй хамрагдаарай хэмээн Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэц мэдрэлийн их эмч Ш.Юмжирмаа уриаллаа.


Холбоотой мэдээ