Нетаньяхугийн нам сонгуульд тэргүүлж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТЕЛЬ-АВИВ. /TASS/. Израилд мягмар гарагт болсон парламентын сонгуульд тус улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн “Ликуд” нам тэргүүлж байна.
Израил улсын Сонгуулийн төв хорооноос мэдээлснээр, сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн 6.3 сая сонгогчийн дөрөвний нэгийнх нь буюу 1.6 саяынх нь саналыг тоолсон байдлаар “Ликуд” намын нэр дэвшигчдэд 457904 санал буюу сонгогчдын 28.32 хувийн саналыг авсан бол 25.34 хувь нь буюу 409815 сонгогч Израилийн армийн Жанжин штабын дарга асан Бени Ганцын "Кахоль-Лаван" төв үзэл баримтлагч эвслээс нэр дэвшигчдийн төлөө саналаа өгсөн байна. Төрийн мэдлийн “Kan” радиостанцаар мэдээлснээр, одоогийн байдлаар “Ликуд” нам гол өрсөлдөгч болох "Кахоль-Лаван" эвслээс таван мандатаар илүү байгаа бөгөөд 21 дэх удаагийн сонгуульд Кнессет буюу парламентын 120 суудлаас 40-ыг нь авах боломжтой байгаа аж.
Кнессетэд суудал авсан намын төлөөлөгчидтэй Израил улсын Ерөнхийлөгч Реувен Ривлин ирэх долоо хоногт уулзаж зөвлөлдсөний дараа депутатуудын нэгд эвслийн Засгийн газар эмхлэн байгуулах үүрэг өгнө. Хуулийн дагуу, Ерөнхий сайдын албан тушаалд парламентад олонхын суудал авсан намын дарга нэр дэвших боловч сайд нарын танхимыг бүрдүүлэх үүргийг тус улсын Ерөнхийлөгч нам нь олонхын санал аваагүй боловч тогтвортой эвсэл байгуулах чадвартай улстөрчид өгч болдог аж.
Ерөнхий сайдад нэр дэвшигч Засгийн газраа 42 хоногийн дотор эмхлэн байгуулах ёстой. Хэрэв заасан хугацаанд эмхэлж чадахгүй бол Ерөнхийлөгч энэ эрхийг өөр депутатад өгдөг байна.