Тусгай хамгаалалттай газруудын менежментийг сайжруулах төсөл хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-04-08 23:06:47

Ховд /МОНЦАМЭ/. “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийг Ховд аймгийн 17 суманд хэрэгжүүлэхээр болжээ.

Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газартай байгуулсан буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох”(KFW) төслийн  хоёрдугаар  үе шатыг  2018 оноос  эхлэн 5 жилийн хугацаанд Баруун бүсийн аймгуудын 3 кластер бүс нутагт  хэрэгжүүлж эхэлсэн.

Харин УИХ-ын гишүүн С.Бямбацогт,  аймгийн Засаг дарга Б.Дүгэржав нар Дэлхийн дулаарлын нөлөөгөөр Алтайн салбар уулсын мөсөн гол хайлж, голын ус ихдэх, тал хээр нутаг цөлжиж биологийн төрөл зүйлүүд устаж үгүй болох, идэш тэжээлийн хомсдолд орох зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан тус төслийг Цамбагарав, Алтанхөхий уулын байгалийн нөөц газар, Хар Ус нуурын тусгай хамгаалалттай газар, Алтайн даваанаас цааших говийн их дархан цаазат газар орчмын бүс нутагт  хэрэгжүүлэх  шаардлагатай  байгаа талаар  төслийн багийнханд  уламжлан, хүсэлт  илгээсэн байна.

Үүний дагуу БОАЖЯтөслийн багийнхан судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр энэ оноос эхлэн дээрх бүс нутагт дөрөвдүгээр кластерийг нээж, төслийг өргөтгөн хэрэгжүүлэхээр болжээ. Ингэснээр Ховд аймгийн 17 сум тус төсөлд хамрагдах боломж бүрдлээ.

Цаашид дөрөвдүгээр кластерийн хил хязгаарыг нарийвчлан тогтоох, төслийн хүрээнд хэрэгжүүлэх ажил, үйл ажиллагааны төлөвлөгөө батлаххамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах зэрэг ажлыг төлөвлөж байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.   

Төслийн зорилго нь тусгай хамгаалалттай газруудын менежментийн чадавхийг сайжруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүсийн нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дээшлүүлэхэд чиглэж байна. Тус төсөл нэг кластертаа 3 сая орчим евро буюу 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх юм.



Холбоотой мэдээ