Зээлийн хүүг багасгахыг шаардан автомашинтай жагсав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-01 16:48:27
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зээлийн хүүг бууруулахыг шаардсан иргэдийн автомашинтай жагсаал өнөөдөр боллоо.  Жагсагчид төв талбайг гурван удаа тойрсон бөгөөд жагсаалыг тээвэр эрхлэлтийн үйлдвэрчний нэгдсэн хороо зохион байгуулжээ.


Жагсаалд оролцож буй иргэд "ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнууд жилийн 3 хувийн хүү төлж байхад, жинхэнэ бизнес эрхлэгчид 30 хувийн хүү төлж байна", “Ипотекийн зээлийн хүүг 3 хувь болго”, “Цалин, тэтгэврийн зээлийн хүүг 9 хувь болго” гэх уриа лоозонг автомашин дээрээ байрлуулжээ.



“Өнөөдөр Монголд зээлгүй хүн алга. Цалин, тэтгэвэр, ипотекийн зээлийн хүү их байгаа нь ард түмний нуруунд ачаа, дарамт болж байна. Тиймээс тэмцлээ эхэллээ" хэмээн Хувиараа тээвэр эрхлэлтийн үйлдвэрчний нэгдсэн хорооны тэргүүн Ц. Батчулуун хэлэв.


Зөвшөөрлийн дагуу болж буй дээрх жагсаалд 20 гаруй автомашинтай иргэн оролцож байна. Жагсагчид ойрын хугацаанд илүү өргөн хүрээтэй дахин жагсахаа мэдэгдэв. 


Хувиараа тээвэр эрхлэлтийн үйлдвэрчний нэгдсэн хороо өнгөрсөн оны 11 дүгээр сард шатахууны үнийн нэмэгдлийн эсрэг 300 гаруй автомашинтай жагсаж байсан юм.

Холбоотой мэдээ