Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө улам бүр нэмэгдсээр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-03-29 13:13:08

ЖЕНЕВ. /BBC/. Дэлхийн дулаарлын учруулах физикийн болон санхүүгийн нөлөө улам нэмэгдсээр байгаа тухай Дэлхийн цаг уур судлалын байгууллагаас /WMO/ мэдээлэв.


Хүлэмжийн хийн ялгарлын түвшин урьд байгаагүй өндөр хэмжээнд хүрэх нь агаарын хэмийг “аюултай өндөр хэмжээ”-нд хүрэхэд нөлөөлж болзошгүйг Дэлхийн цаг уур судлалын байгууллагын тайланд тэмдэглэжээ. Энэ долоо хоногийн эхээр Олон улсын эрчим хүчний агентлагаас /IEA/ нүүрсхүчлийн хийн ялгарлын талаарх 2018 оны мэдээллийг танилцуулсан билээ.


Дэлхийн цаг уур судлалын байгууллагаас Уур амьсгалын нөхцөл байдлын талаарх тайланг 25 дахь жилдээ гаргаж буй нь энэ юм. 1993 онд дэлхийн агаар мандал дахь нүүрсхүчлийн хийн хэмжээ 357 ppm байсан бол өдгөө 405.5 ppm хүрсэн бөгөөд цаашид улам нэмэгдэх төлөвтэй байна.


Энэхүү үзүүлэлт нь агаарын хэмд онцгой нөлөө үзүүлдэг бөгөөд 2018 он нь дэлхийн түүхэн дэх дөрөв дэх дулаан жил болсон юм. Өнгөрсөн оны агаарын дундаж хэмийг 1850-1900 оны үеийнхтэй харьцуулахад 1 хэмээр өсжээ. Түүнчлэн дэлхийн түүхэн дэх хамгийн дулаан дөрвөн жил 2015-2018 он байсан юм.


“Хүлэмжийн хийн ялгарлын одоогийн траектор үргэлжилсээр байх аваас XXI дүгээр зууны эцэс гэхэд агаарын хэм 3-5 хэмээр нэмэгдэж болзошгүй. Бид хэдийнэ 1 хэмээр нэмэгдсэн нөхцөлтэй нүүр тулгарсан” гэж Австралийн “Deakin” их сургуулийн Эрчим хүч, байгалийн нөөцийн хуулийн төвийн дарга, профессор Саманта Хепберн хэлжээ. 

Холбоотой мэдээ