Монгол, Буриад Улс тээвэр, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2019-03-29 12:50:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн тэргүүтэй төлөөлөгчид Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн А.С.Цыденовын урилгаар энэ сарын 28-30-нд Улаан-Үд хотноо болж буй “Baikal Trade – 2019” Монгол-Оросын хамтарсан бизнес чуулга уулзалтад оролцож байна.


Монголын талын албан ёсны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, “Алтанбулаг” чөлөөт бүсийн захиргаа, Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар хотын захиргаа, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг зэрэг байгууллагууд багтсан байна.




Айлчлалын хүрээнд Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн А.С.Цыденовтой албан ёсны уулзалт хийж, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, тээвэр, эрчим хүч, байгаль орчны салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хамтран судлахаар тохиролцов. Түүнчлэн, өнөөдөр Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Бүгд Найрамдах Буриад Улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч П.В.Ертановтай уулзалт хийснээс гадна “Baikal Trade – 2019” олон улсын бизнес чуулга уулзалтын нээлтийн ажиллагаанд оролцож, “Монгол Улс тогтвортой хөгжлийн замд” сэдвээр илтгэл тавив.


Чуулга уулзалтын хүрээнд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Бүгд Найрамдах Буриад Улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран Монгол Улсын экспортын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байгаа бөгөөд хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулдаг Монгол Улсын 22 аж ахуйн нэгж өөрсдийн үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүнээ танилцуулж байна.

Холбоотой мэдээ