БНАСАУ-ын төлөөлөгчид Зохицуулах товчоонд эргэн иржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-03-26 11:29:30

ПЁНЬЯН. /Yonhap/. БНАСАУ-ын төлөөлөгчид хоёр Солонгосын Зохицуулах товчоонд даваа гарагт эргэн ирсэн тухай БНСУ-ын Улс үндэстнээ нэгтгэх яамнаас мэдээлжээ. Энэхүү товчоо нь БНАСАУ-ын хилийн Кэсон хотод байрладаг юм.


Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт БНАСАУ уг товчооноос төлөөлөгчдөө татсан юм. "Хоёр Солонгосын хамтарсан тунхаглалд заасан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгаагаа БНАСАУ-ын төлөөлөгчид илэрхийлсэн" гэж Улс үндэстнээ нэгтгэх яамнаас мэдээлжээ. 


Хоёр Солонгосын удирдагчдын өнгөрсөн оны дөрөвдүгээр сард байгуулсан хамтарсан тунхаглалд үндэслэн тухайн оны есдүгээр сард Зохицуулах товчоог байгуулсан билээ. Энэхүү товчоог ажлын түвшний хэлэлцээг явуулж, хувийн секторын солилцоог дэмжих зорилгоор байгуулсан юм.


БНАСАУ-ын төлөөлөгчид Зохицуулах товчоонд эргэн ирж, үйл ажиллагаа хэвийн явагдах боломж бүрдсэнийг Улс үндэстнээ нэгтгэх яам сайшаасан байна. Уг төлөөлөгчдийг товчооноос явах болон эргэн ирэх талаар БНАСАУ-ын талаас тодорхой тайлбар хийгээгүй бөгөөд Улс үндэстнээ нэгтгэх яамны төлөөлөгчид цаашид учир шалтгааныг тодруулахаар төлөвлөж байгаа ажээ.  

Холбоотой мэдээ