Сато Мүцүмиг “Боловсролын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагналаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-03-21 11:40:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүмиг Монгол Улсын Засгийн газрын шагнал “Боловсролын тэргүүний ажилтан” тэмдгээр шагналаа.


Тэрбээр, 2015 оны 3 дугаар сард Монгол Улсад томилогдож ирсэн юм. Энэ хугацаанд түүний Монгол Улсын боловсролын салбарын хөгжил, хоёр орны ард түмний хоорондын харилцан ойлголцол, найрамдлыг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмэр, мөн тус яамнаас Японы Жайка-тай хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн үр дүн, ирээдүйд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулах хувь нэмрийг үнэлэн ийнхүү шагнасан байна.


БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, аливаа улсын хөгжлийн явцад тохиолддог саад бэрхшээлийг ойлгож, тогтворгүй нөхцөл байдлыг сөрөн олон сайн төслийг амжилттай хэрэгжүүлж чадсанаараа манай улсад оруулсан хувь нэмэр их гэдгийг онцлон тэмдэглэж, талархал илэрхийллээ.


Одоогийн байдлаар тус яам ЖАЙКА-тай хамтран нийтдээ 8 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна. Үүнээс буцалтгүй тусламжийн хүрээнд Япон-Монголын сургалтын эмнэлэг барих төсөл, Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр болон Улаанбаатар хотын бага, дунд сургуулийн барилга барих төсөл хэрэгжүүлж байгаа бол Техникийн хамтын ажиллагааны хүрээнд 4 төсөл, хөнгөлөлттэй зээлээр Инженерийн дээд боловсролыг дэмжих төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа юм.

Холбоотой мэдээ