“Apple” шинэ төхөөрөмжүүдээ танилцуулна

Дэлхийд | Нийгэм
jargal@montsame.mn
2016-03-21 10:59:13

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн “Apple” корпораци гуравдугаар сарын 21-нд буюу өнөөдөр төхөөрөмжүүдийнхээ шинэ загварыг танилцуулна. Чухам ямар төхөөрөмжүүдийн шинэ загварыг танилцуулах нь одоог хүртэл нууц хэвээр байгаа боловч Америкийн шинжээчид “iPhone se” шинэ ухаалаг гар утас болон “iPad Pro” таблетын шинэ загварыг танилцуулна гэж үзэж байна.

“Apple”-ийн танилцуулга Калифорни муж улсын Купертино хот дахь тус компанийн төв байранд АНУ-ын Баруун эрэг хавийн цагаар 10 цагт эхэлнэ. Төхөөрөмжүүдийнхээ шинэ загварын танилцуулгад оролцох урилгыг “Apple”-ийнхан хоёр долоо хоног орчмын хугацаанд технологийн тэргүүлэх шинжээчдэд болон технологийн талаар мэргэшсэн сэтгүүлчдэд илгээжээ.

Арга хэмжээ болох үзэсгэлэнгийн танхим нь ердөө 300 хүний суудалтай учир үлдсэн хүмүүст “Apple”-ийн танилцуулгыг интернэтээр шууд дамжуулах төлөвтэй байна.

Өнөөдрийн гол үйл явдал нь 4 инчийн дэлгэцтэй шинэ “iPhone” гар утасны танилцуулга байх болно гэдэгтэй өндөр технологийн ертөнцийн талаар бичдэг Америкийн ихэнх сэтгүүлийн мэргэжилтнүүд санал нийлж байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ