Обама Кубад түүхэн айлчлал хийж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-03-21 08:27:51

ГАВАНА. /ВВС/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Кубад түүхэн айлчлал хийж, тус улсын коммунист удирдагчтай уулзахаар Гаванад өчигдөр буусан байна.

Хоёр улсын хооронд хэдэн арван жилийн дайсагналыг үүсгэсэн 1959 оны хувьсгалаас хойш Кубад айлчилж байгаа АНУ-ын анхны Ерөнхийлөгч Барак Обама болж байна.

“Кубын ард иргэдтэй уулзаж, тэдний санал бодлыг сонсохыг тэсэн ядан хүлээж байна” гэж Обама Кубад газардахаасаа өмнө твиттер хуудсандаа бичжээ.

Обама Кубын Ерөнхийлөгч Раул Кастротой уулзаж, худалдаа болон улс төрийн шинэчлэлийн асуудлаар хэлэлцээ хийх боловч тус улсын тэтгэвэрт гарсан, хувьсгалт удирдагч Фидель Кастротой уулзахгүй ажээ.

Обама тэргүүн хатагтай  Мишель болон охин Саша, Малья нарын хамт нисэх онгоцноосоо инээмсэглэн гарч ирэв. Обама тэргүүтэй АНУ-ын төлөөлөгчдийг Кубын Гадаад хэргийн сайд Бруно Родригес хүлээн авсан байна. Үүнээс хоёр цагийн дараа Обама Куба дахь АНУ-ын Элчин сайдын яамны ажилтантай уулзжээ. Тэрбээр уг айлчлалаа, “түүхэн айлчлал, түүхэн боломж” гэж мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ