Япон улсад суралцах 98 оюутан батламжаа гардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-03-15 17:34:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд, 98 оюутанд Япон Улсад суралцах эрх буюу батламж өнөөдөр гардууллаа.


Коосэнд 30, Бакалаврын хамтарсан хөлбөрөөр 52, магистр, докторт 16 оюутан тус тус ирэх сарын 1-нээс тус улсын Японы хамгийн шилдэг их сургууль болох Токиогийн их сургууль, Каназавагийн их сургууль, Миазакагийн их сургуульд суралцах юм.

МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар, “Монгол Улсад инженер, техникийн мэргэжлийн чиглэлээр шилдэг боловсон хүчин хүний нөөцийг бэлтгэх асуудал чухал юм. Энэхүү төслийн хүрээнд суралцах гэж буй багш, судлаачид нь Монгол эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийг олон улсад таниулах, оюуны өмч бий болгох, их сургуулийг түшиглэсэн гарааны компанийг үүсгэн байгуулах зэргээр мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэхэд өндөр үүрэг, хариуцлагатай Монгол Улсын шинжлэх ухаан технологийн салбарын хөгжилд түүхэн үүрэг гүйцэтгэх эрхэм хүмүүс болохыг дурдан МУИС-ийн нийт эрдмийн хамт олноос цаашдын эрдэм судлалын ажилд нь улам их амжилт хүсэн ерөөе” гэв.


Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 2014-2024 онд хэрэгжүүлэх “Инженер, технологийн дээд боловсрол” буюу олон нийтийн дунд “Мянган инженер” хэмээн нэрлэгдсэн төсөл нь Монгол Улсын Засгийн газраас баталсан “Судалгаанд суурилсан их сургуулийн хөтөлбөр”-ийн хэрэгжилт болон МУИС-ийг судалгааны их сургууль болох улмаар Азийн шилдэг 100 их сургуулийн эгнээнд нэгдэн орох стратегийн зорилгыг биелүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа төдийгүй Монгол Улсын шинжлэх ухааны хөгжилд түүхэн үүрэг гүйцэтгэх ач холбогдолтой юм.

Төслийн хүрээнд, МУИС судалгааны тэргүүлэх дөрвөн чиглэлийн хүрээнд хамтарсан судалгааны 10 төслийг амжилттай  хэрэгжүүлж байгаа бөгөөд төсөл хэрэгжиж эхэлснээс хойших 5 жилийн хугацаанд Япон Улсын шилдэг их дээд сургуулиудад зэргийн сургалтад 32, доктор 19, магистр 13 зэргийн бус сургалтад 113 багш судлаач тус тус хамрагдсан байна.

Батламж гардуулах ёслолд БСШУСЯ, Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ, ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын холбогдох удирдлагууд болон ИТДБ төслийн баг, МУИС, ШУТИС-ийн удирдлагууд оролцсон юм.

Холбоотой мэдээ