"EDEX" англи хэлний олимпиадад 300 орчим сурагч өрсөлдөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-09 16:51:50
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сити их сургуулийн байранд эхэлсэн "EDEX" англи хэлний олимпиадад ЕБС-ийн ахлах ангийн 300 орчим сурагч өнөөдөр өрсөлдөж байна. 

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын дэмжлэгээр "EDEX" Монголын боловсрол, залуучууд солилцооны үндэсний ассоциаци"-аас зохион байгуулж буй тус олимпиадын тэргүүн байр эзэлсэн сурагч Америкт суралцах тэтгэлэг, долоо хоног аялах эрхийн бичгээр шагнуулах юм.



Өнөө жил долоодахь удаагаа болж буй уг олимпиадад ноднин "Хобби" сургуулийн сурагч У.Цэлмэг тэргүүлж, АНУ-д долоо хоног сурч, аялах эрх, "EDEX Scholarship" буюу Америкийн их, дээд сургуульд 50-70 хувийн тэтгэлэгтэй суралцах хөтөлбөрийн 1500 доллар, АНУ-ын сурагч солилцооны хөтөлбөрийн төлбөр 1000 доллар, "EDEX Sсhool"-ийн Олон улсын Каплан төвийн SAT, TOEFL, IELTS, GMAT, GRE-ийн сургалтад 50 хувь хөнгөлөлттэй суралцах эрхээр шагнуулж байжээ. 


"EDEX" Монголын боловсрол, залуучууд солилцооны үндэсний ассоциаци нь монголын залуусыг гадаадад сурах, хэлний мэдлэгээ сайжруулахад нь туслах зорилгоор байгуулагдсан, нийгэмд үйлчлэх ууган ТББ юм. Өнгөрсөн 19 жилийн хугацаандаа Монголын 5800 гаруй залууг гадаад улс орны соёлтой танилцах, суралцах, хэл сурахад нь тусалж, хэрэглэгчдийн талархлыг хүлээн, салбартаа тэргүүлэгч байгууллага болсон юм.

Холбоотой мэдээ