Ч.Алтанзаяа: Хан хэнтий нутаг минь хөгжлийнхөө алтан шар замаар урагш алхаж явна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-03-08 10:10:19

Хэнтий /МОНЦАМЭ/ Хан Хэнтий нутгийн хөгжлийг урласан гавъяатай, холын тэртээх алсыг хоногт ойртуулсан ачтай “Харгуй” ТӨХК хэмээх их айлаар овоглуулж яваа нэгэн бол Ч.Алтанзаяа. Айл гэрийнхээ ноён нуруу, ажилсаг хамт олныхоо удирдан чиглүүлэгч түүний хувьд аймгийн Иргэдийн Хурлын төлөөлөгч, НАМЗХ-ны дэд дарга, “Харгуй” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын албыг хашдаг. Залуу насны ир, зорилго тэмүүлэлийнхээ мөрөөр нутагтаа нэгэн тод жимийг гаргаж яваа Ч.Алтанзаяатай уулзаж, ажил хэргийн яриа өрнүүллээ.  

 

-  -Төлөөлөгчийнхөө хувиар сонгогчдынхоо төлөө ямар ажлуудыг хийж амжуулаад байна вэ? Өнгөрч буй 2018 оны ажлынхаа үр дүнг хэрхэн  дүгнэх вэ?

-    - Сонгуульт хугацаа талдаа орж байна. Анх төлөөлөгчийн талаар би ямар ч мэдэгдэхүүнгүй л эхэлж байлаа. Олон хүний өмнө гараад эвтэй ярьж ч чаддаггүй үе байсан. Хүн амьдралынхаа туршид суралцсаар л байдаг юм байна. Төлөөлөгч хүн итгэл үзүүлсэн иргэдийнхээ төлөө, тойрогтоо төлөвлөсөн бүхнээ хийж чаддаг, түүнд хүрэх арга замыг эрэлхийлдэг байх хэрэгтэй. Хүний хүсэл зорилго хязгааргүй, үүнтэй холбоотойгоор боломжгүй зүйл ч байна. Нам, сум, засаг даргатай төлөөлөгч миний дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр уялдаа холбоотой тул төлөөлөгчийн хувьд амласан ажлын хэрэгжилт сайн байгаа. Өөрийн нэр дэвшиж сонгогдсон тойрог- Өмнөдэлгэр суманд улсын хэмжээнд тэр болгон хийгээд байдаггүй ажлууд өрнөж байгаа нь нэн талархууштай. Жишээ нь, 2019-2020 онд сумын төвдөө 2,5 км бүрэн хатуу хучилттай зам тавьж, гэрэлтүүлэг, явган хүний зам, ногоон байгууламж хийхээр хөөцөлдсөний хүчинд УИХ-ын гишүүн маань улсын төсөвт суулгаж өгсөн. Мөн инженерийн шугам сүлжээг нэгдсэн системд холбож, сумын соёлын төвийг шинэчлэх зэрэг олон жил ярьж байсан ажлыг хийхээр зорьж байна. Энэ бүхэн багийн дарга, сумын төлөөлөгч, засаг дарга, аймгийн засаг дарга бүр цаашлаад УИХ-ын гишүүд нэгдэж, ажиллаж байгаагийн том жишээ юм. Манай сум 2008-2016 онд “Улсын тэргүүний сум”-аар шалгарч байсан. Одоо 2016-2020 онд ч ажлын амжилтаа буухиалан үргэлжлүүлэхээр ажиллаж байгаа.

-  -Өмнөдэлгэр сумын Хурх тосгоныг хаягдсан суурин боллоо гэх яриа байдаг. Та төлөөлөгчийн хувьд тус тосгоныг хэр анхаарч байна вэ?

-    -Хурх тосгон өмнө нь Гурванбаян сум гэж статустай явдаг байсан. Одоо Өмнөдэлгэр сумын нэг баг буюу тосгон гэсэн статуст хамаарагдаж байна. Иргэдээс Хурх тосгон дээр юм хийхгүй байна гэсэн гомдол удаа дараа ирдэг байсан. Одоо бол тийм зүйл байхгүй. 2016 оноос хойш Өмнөдэлгэр суманд хийж буй бүхий л зүйл баг, тосгонд адил тэнцвэртэй хийгддэг болсон. Хурх тосгоны Г.Нацагдорж дарга бидэнтэй байнгын холбоотой ажиллаж, сайн малчин гавъяатуудаа тодорхойлон, тэднийгээ шагнаж урамшуулах гээд бүхий л зүйлд идэвх оролцоотой байдаг. 2018 онд Хурх тосгонд сүүлийн хориод жилд өрнөөгүй ажил хийгдсэн нь цэцэрлэг, сургууль, соёлын төв, эмнэлэг зэрэг газруудын ус гоожиж, мөөгөнцөртсөн, таатай бус орчин нөхцөл үүссэн байсныг шинэчилж заслаа. Цаашлаад сум, тосгондоо цэцэрлэгт хүрээлэн байгуулах, төвийн шороон замыг засаж сайжруулах, Тосгоны хур хогийг бүрэн цэвэрлэх гээд олон санал санаачилга гаргаж цаашид ч олон зүйлсийг хийхээр төлөвлөөд ажиллаж байна.

-     -2016 оноос хойш сум орон нутагтаа ямар ажлууд хийснээ товчоор хэлбэл?

-2016 оноос хойш Сумын төлөөлөгч, Засаг дарга, Сумын ИТХ, Аймгийн төлөөлөгч, УИХ-ын гишүүдтэйгээ хамтарч 100 гаруй ажлыг амжууллаа. Томоохноос нь дурдвал, Чандгана багийг цахилгаанд холбох, сумын төвийн зам, Соёлын төв, худаг ус гаргах, хур хогуудыг цэвэрлэх ажил, дээврийн засварууд, ахмадуудаа эрүүлжүүлэх, гадаад дотоодод туршлага судлуулах, сайн үйлсийн аян өрнүүлэх, урлагийн наадам зохион байгуулах, заавал төсөв харалгүй ажлуудыг газар дээр нь шийдэх гэх мэт  олон ажлыг баг хамт олноороо хийсэн.

-     -Та тойрогтоо хийх ажлынхаа төсөв санхүүг хэрхэн эрэлхийлдэг вэ?

-     -Хэрэгжүүлэх үйл ажиллагаануудаа төлөвлөөд БИНХ-аар хэлэлцүүлж, иргэдээс хамгийн их санал авсан ажлаа сумандаа эрэмбэлж явуулна. Дараа нь тэдгээр саналыг аймагт дахин хэлэлцээд дараагийн шатанд улсын төсөвт явуулж УИХ-ын гишүүний овсгоо ажлын уялдаа холбоогоор төсөвт суух эсэх нь шийдэгддэг. Миний хувьд Хурлын тэргүүлэгч тул эхний жилүүдэд олон санал оруулж ажилласан. Зөвхөн төсөв харах биш танил тал, найз нөхдөд ажлаа танилцуулж ойлгуулна. Жишээ нь, Өмнөдэлгэр суманд ирэх онд 2,5 км хатуу хучилттай зам тавина. Энэ ажлыг бүтээхийн тулд гавъяат инженер ах дээрээ очиж санал тавьсан. Зургийнх нь ажлыг хийлгээд 60-70 саяд хийх ажлыг 25 сая төгрөгөөр хийлгэх болоод аймгийн Засаг даргад танилцуулж батлуулсан гэх мэт хийж амжуулсан ажлууд ч бий. 

-  -Төлөөлөгч бүр л ингэж орон нутаг тойрогтоо ажил хийх хүсэлтэй. Тиймээс өрсөлдөөн их байх нь мэдээж?

-   -Эдийн засаг үнэхээр хүнд үе байсан. Орон нутаг хөгжүүлэх, сум хөгжүүлэх сангууд 2012-2016 онд хэдэн тэрбумаар яригддаг байсан бол 2016 оноос ганц хоёр тэрбумд ч хүрэхгүй болж ирсэн. Үүнийг 18 сумандаа хуваахаар юу болох нь тодорхой. Нэг төлөөлөгч 20 гаруй санал оруулж ирдэг. Гэвч төсөв хүрэхгүйгээс болж нөгөө ажлууд нь хийгдэх боломжгүй болно. Тиймээс төсвийг тэнцвэртэй хуваана гэхээр аманд ч үгүй хамарт ч үгүй байгаа тул ээлжлээд төсөв суулгуулаад явдаг.

-     - Нэг тойргоос сонгогдсон төлөөлөгчид хэрхэн хамтарч ажилладаг вэ?

-    -Ер нь 2016 оны сонгуулийн баг хамт олон маш сайн баг олж ажиллаж байгаа гэж боддог. Өмнөдэлгэр сумаас хоёр төлөөлөгч бий. Нөгөө төлөөлөгч нь хүний их эмч П.Жавзанрагчаа гэж мундаг хүн сонгогдсон. Бид хоёр гар нийлж ажилладаг. Сум орон нутагт тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар байнга ярилцаж хамтран ажилладаг. Жишээ нь, Нэг тулгамдсан асуудал байвал сумын төлөөлөгч, Засаг дарга, Аймгийн төлөөлөгч УИХ-ын гишүүн гээд эрэмбэ дараагаар шийдэх газраа хандаад асуудлуудыг шийдэх жишээтэй

-    -Та замын компани удирдаж хажуугаар нь иргэдийнхээ төлөөлөл болж ачаалал ихтэй ажиллахдаа ар гэртээ хэр анхаарал тавьж байна даа?

-     -Энэ ажлууддаа бүх сэтгэл зүрхээ зориулж ажиллахын үндэс нь  гэргий минь байдаг даа. Ар гэр, үр хүүхэддээ зарцуулах цаг зав тун бага байдаг. Гэсэн хэдий ч би тэднийгээ хэзээ ч орхигдуулахыг хүсдэггүй. Тэдэндээ анхаарал халамж тавьж, хайраа мэдрүүлэхийг хичээдэг. Миний хань хуульч мэргэжилтэй мундаг эмэгтэй бий. Бид гурван сайхан хүүхэдтэй. Ер нь тэгээд сайн хань амьдын диваажин гэдэг үнэн шүү. Гэр бүл минь ар амьдралаа маш сайн дааж явдаг учраас өнөөдөр би ажилдаа 100 хувь өөрийгөө зориулж чадаж байгаа юм шүү дээ.  

-     -Та яагаад улс төрд орох болсон юм бэ?

-    - Би анх хувиараа бизнес хийдэг байсан. Улс төрд орохгүй гэж ч боддог байлаа. 2006 оноос  нам, улс төрд орох санал ирдэг байсан ч төдийлөн сонирхохгүй явдаг байсан. 2015 онд найз маань залуучуудын байгууллагад орох санал тавьж түүнээс хойш л улс төр рүү орох үүд хаалга нээгдсэн гэж хэлж болно. Залуу хүний хувьд өөрийн мэддэг чаддаг бүхнээрээ нутаг орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахаар зорьсон. Энэ зорилго маань л намайг улс төрд хөтөлсөн дөө.    

-     -Таны баримталдаг, бие хүнийхээ хувьд эрхэмлэдэг зүйл тань юу вэ?

-    - Худал хэлэхгүй, хэлсэн үгэндээ хүрдэг байхыг эрхэмлэдэг. Би эхээс ах дүү зургуулаа.  Эмээ өвөө дээрээ өссөн болоод ч тэгдэг юм уу их яаруу. Нэг ажил эхлүүлбэл хийсэн шиг хийнэ, хийхгүй бол зүгээр суу гэсэн зарчим барьдаг хүн дээ.

-    -Сүүлийн үед улс төрийн талцал хэрүүл хэрээс хэтэрч байна, энэ талаар таны бодол?

-   -Орон нутагт энэ талцал хэрүүл харьцангуй бага л даа. Харин дээгүүрээ төрийн түшээд талцаж, хуваагдан тэмцэлдэж байна. Миний хувьд үүнийг намын цэвэрлэгээ, олигарх бүлгээс намаа цэвэрлэж авах маш хүчтэй, зоригтой тэмцэл өрнөж байна гэж харж байгаа. Хүрэлсүх сайд том эрсдэл үүрч, нийгмээ намаа цэвэршүүлэхийн төлөө зорьж тэмцэж байгаа хүн юм.

-   - Дараагийн сонгууль болоход ганцхан жил үлджээ. Та сонгуульт ажлынхаа үлдсэн хугацаанд юу хийхээр зорьж байна вэ?

-    -Манай суманд асуудлууд нэлээд цэгцэрч байгаа хэдий ч амьдрал буцалж, үйл ажиллагаа өрнөж байхад асуудлууд гарсаар л байна. Бэлчээр талхагдал, ажилгүйдэл, ядуурал, сумын эрүүл мэндийн асуудал, Хурх тосгоны Соёлын төв, сургууль, эмнэлэг гэх мэт үндсэн хэдэн зүйл дээр төвлөрч ажиллана.

-    -Таны хувьд орон нутаг болоод улсынхаа хөгжилд  үнэтэй хувь нэмрийг оруулж, одоо хэр нь хөдөлмөр бүтээлээ зориулж яваа түүхт замын компанийг удирдаж яваа хүн. “Харгуй” компанийн өнөөгийн цар хүрээ, ажил байдлын тухайд?

-     -Тийм ээ. Үнэхээр л Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулж, их түүхийг бүтээлцэж яваа энэ сайхан хамт олныг удирдаж ажиллана гэдэг нэг бодлын бахархалтай, нэг бодлын өндөр хариуцлага үүрч ажиллаж байдаг. Миний хувьд 2004 оноос эхлэн “Харгуй” компанидаа инженерээс эхлэн ерөнхий инженер болтлоо ажиллаж байгаад 2016 оноос одоог хүртэл захирлаар ажиллаж байна. Улс төрийн ороо бусгаа олон цаг үед нугараагүй цөөхөн мундаг хүмүүс энэ байгууллагыг удирдаж ирсэн байдаг юм. Би мэргэжлийн байгууллагыг мэргэжилтэнд нь л даатгах хэрэгтэй гэж боддог. Цаашдаа мэргэжилтэй боловсон хүчнийг тогтвортой ажиллуулах хэрэгтэй. 87 жилийн түүхтэй энэ байгууллагын ажилтан албан хаагчид ч урт удаан жил хамтран ажилласан байдаг. Манай аймагт замын ганц л компани байдаг. Тиймдээ ч хамт олноо бүх талаар нь өв тэгш авч явахыг зорьдог доо.

-     - Ярилцлагынхаа төгсгөлийн асуултыг танд үлдээе.

-    - Монгол түмэн минь зам харгуйгаа алтан шар зам хэмээн хүндэтгэдэг сайхан ард түмэн. Энэ ч утгаараа Хан Хэнтий нутаг минь хөгжлийнхөө алтан шар замаар урагш алхаж явна.  Нутгийн минь олны сүлд хийморь нь босоо дээшээ, сүүн цацал нь тэнгэр өөдөө байх болтугай. Танай хамт олонд ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.


Холбоотой мэдээ