Л.Пүрэвсүрэн ДХБ-ын үндсэн гурван зөвлөлийн нэгийг даргална

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2019-03-07 12:31:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-д суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн тус байгууллагын Оюуны өмчийн эрхийн худалдаанд хамаарах асуудлаарх зөвлөл (ОӨЭХХАЗ)-ийн даргаар сонгогджээ.

ДХБ-ын Ерөнхий зөвлөлийн 2019 оны анхны хуралдаан өнгөрсөн сарын 28-нд Женев хотноо болох үеэр тус байгууллагын Байнгын зөвлөл, хороодын дарга нарыг сонгосон юм. ДХБ-ын Байнгын зөвлөл, хороодын дарга нарыг нэг жилийн хугацаатай сонгодог бөгөөд ОӨЭХХАЗ нь тус байгууллагын үндсэн гурван зөвлөлийн нэг юм.

Мөн хуралдаанаар ДХБ-ын Сайд нарын түвшний IX /Бали/, X /Найроби/, XI /Буэнос Айрэс/ Бага хурлаас баталсан шийдвэрүүдийн хэрэгжилт, жижиг, эмзэг эдийн засагтай орнуудын ажлын хөтөлбөрийн хэрэгжилт, давж заалдах шатны байгууллагын асуудал, олон талт худалдааны тогтолцооны шинэчлэл зэрэг асуудлыг ярилцав.

Монгол Улс 1997 онд ДХБ-д гишүүнээр элссэнээр тус байгууллагын 164 гишүүн оронтой үндэстний нэн тааламжтай нөхцөлөөр буюу тарифын хөнгөлөлттэй нөхцөлтэйгөөр худалдаа хийх боломжтой болсон. Тус байгууллагад элссэнээс хойш дотоодын хууль тогтоомжийг ДХБ-ын гэрээ, хэлэлцээрүүдэд нийцүүлж үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдэд бизнес эрхлэх илүү таатай орчин бүрдүүлэхээр ажиллаж буй юм.

Энэ онд ДХБ-ын Сургалт, техникийн хамтын ажиллагааны төвтэй хамтран Улаанбаатар хотноо хөдөө, аж ахуй, цахим худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх, бичил, жижиг, дунд үйлдвэр болон худалдааны хэлэлцээ хийх чадавхыг бэхжүүлэх зэрэг сэдвээр сургалт зохион байгуулах юм.

Холбоотой мэдээ