20 хүүхдийн ээж "Өргөмжит эх" боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-03-07 10:35:33

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан өнөөдөр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан "Өргөмжит эх-32" уулзалтыг тус аймгийн ИТХ, Засаг дарга, ЗДТГ хамтран "Монгол туургатан" театрт зохион байгууллаа.

Уулзалтад Засаг дарга Ж.Батжаргал оролцож, эхчүүдэд баяр хүргэсэн юм.

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөрт зориулан уламжлал болгон энэ үйл ажиллагааг 20 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ хугацаанд аймгаас 243 эхийг өргөмжилжээ. Өргөмжит эхчүүд эх орондоо 1701 хүүхэд төрүүлж, эсэн мэнд өсгөж байна. Энэ жилийн өргөмжит эхчүүдийн хамгийн залуу нь Өндөр ширээт сумын Батбилэгийн Тунгалагтамир 36 настай, хамгийн ахмад нь Бүрэн болон Архуст сумын 89 настай Чой Хорол, Сэдбазарын Буянтогтох нар байлаа. 

Хамгийн олон хүүхэдтэй эхээр Эрдэнэсант сумын 74 настай Сандагийн Зулзага тодорчээ. Энэ буурай 20 хүүхэд төрүүлж өсгөсөн байна.

Аймгийн эмэгтэйчүүдийн холбооноос эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг олон ажил хийж ирсэн байна. Тухайлбал эмэгтэйчүүдийн хөгжлийн сантай хамтарч ажлын байрны бэлгийн дарамт, "Хөөрхөн зүрх" ТББ-тай хамтран "Жендерт суурилсан хүчирхийлэл"-ийн талаар сургалтууд, эмэгтэйчүүдийн ажлыг үнэлж "Оны шилдэг эмэгтэй", "Түшиг аав" зэрэг арга хэмжээг явуулж иржээ. "Монголын эмэгтэйчүүдийн байгууллага" 3 жил тутам эмэгтэйчүүдийн нийгэмд тулгамдсан асуудлаар  уулзалт, хэлэлцүүлэг явуулдаг. Энэ үйл ажиллагаанд аймгийн 27 сумын 160 гаруй төлөөллийг оролцуулдаг хэмээн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга М.Булган хэллээ.



Холбоотой мэдээ