АНУ болон БНХАУ худалдааны гэрээ байгуулахад ойртжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГНЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ болон БНХАУ-ын төлөөлөгчдийн худалдааны асуудлаар хийж буй хэлэлцээ төгсгөлийн шатандаа оржээ. Хоёр орны хооронд хэлэлцээр байгуулсныг гуравдугаар сарын эцсээр мэдэгдэж магадгүй тухай “The Wall Street Journal” сонин ням гарагт мэдээлсэн байна.
Тус сонины эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин “Америкийн хөдөө аж ахуй, химийн бүтээгдэхүүнүүд, мөн автомашинд ногдуулсан татварыг бууруулах санал тавьжээ. Харин Вашингтон Хятадын бараа бүтээгдэхүүнүүдэд өнгөрсөн онд тогтоосон худалдааны хязгаарлалтуудыг бүгдийг биш юмаа гэхэд ихэнхийг цуцлах боломжийг судалж байгаа аж”.
Үүнээс гадна, Хятадын тал АНУ-аас худалдан авч буй бараа бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа талаар эх сурвалж мэдээлсэн байна. "Хятадын эрх баригчид “Sinopec” корпорацад 18 тэрбум ам.долларын өртөг бүхий байгалийн шингэрүүлсэн хийг Америкийн “Cheniere Energy” компаниас худалдан авахыг зөвшөөрнө. Тус компани байгалийн шингэрүүлсэн хийг 2023 оноос нийлүүлж эхлэх төлөвтэй байна" гэж тус сонинд бичжээ.
“The Wall Street Journal” сонинд гарсан нийтлэлд онцлон тэмдэглэснээр, хэдийгээр маргаантай хэд хэдэн асуудал шийдэгдээгүй хэвээр байгаа боловч талууд “тодорхой хэлбэрээр гэрээ байгуулна”. Хэлэлцээр байгуулсныг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Си Жиньпин нарын уулзалтын үеэр мэдэгдэж магадгүй байна. Хоёр орны удирдагчид гуравдугаар сарын 27-нд уулзах төлөвтэй байгаа билээ.
АНУ болон БНХАУ-ын удирдагчид 2018 оны 12 дугаар сарын эхээр Аргентинд уулзах үеэрээ хоёр орны хооронд худалдааны гэрээ байгуулахад чиглэсэн арга хэмжээг гурван сарын дотор авахаар тохиролцсон билээ.