АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-03-01 17:59:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнөөдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Клеческийг үүрэгт ажилдаа орсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхий сайдын АНУ-д хийсэн айлчлалын дүнгээр талууд харилцаагаа ахиулж, Өргөтгөсөн иж бүрэн түншлэлд хүргэснийг Гадаад харилцааны сайд онцолж, энэ нь хоёр талын стратегийн ашиг сонирхолд бүрэн нийцэж байгааг тэмдэглэв.

Уулзалтын үеэр талууд хамтын ажиллагааг улам бүр бататгах, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, Мянганы сорилтын корпорацийн Хоёр дахь компакт гэрээний хэрэгжилтийг хангах, АНУ-ын Конгрессоор “Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хууль”-ийг батлуулах, Монгол, Америкийн залуучуудын жилийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх ажил, Энхтайвны корпусын шугамаар хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг болон хоёр талын харилцааны бусад асуудлаар ярилцав.

Элчин сайд М.Клечески нь 2019 оны 2 дугаар сарын 22-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, үүрэгт ажилдаа орсон юм.

Холбоотой мэдээ