ОХУ-ын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2019-02-19 14:08:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Сочи хотноо хоёрдугаар сарын 14-15-нд болсон Оросын хөрөнгө оруулалтын ээлжит чуулга уулзалтад Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа оролцлоо. Элчин сайдыг ЭСЯ-ны зөвлөх Д.Баасанхүү дагалдав.

“Амжилтын хүчин зүйл: шинэ санаа, хүний нөөц, чадавх” сэдвийн дор болсон чуулга уулзалтын үеэр Оросын бизнесийн орчин ба өсөлтөд хүрэх зам, Сорилтыг туулах бүс нутгийн бодлого, Нийгмийн шинэ асуудал гэсэн гурван дэд бүлэг асуудлыг хэлэлцсэн 60 гаруй салбар хуралдаан, дугуй ширээний хэлэлцүүлэг болж, нэгдсэн хуралдаанд ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Д.Медведев тавьсан илтгэлдээ, 2024 он гэхэд 25.7 их наяд рублийн өртөгтэй үндэсний 12 төслийг хэрэгжүүлснээр ОХУ-ын эдийн засгийн хөгжилд томоохон үсрэлт гарах болно” гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.

ОХУ-ын эдийн засаг, хөрөнгө оруулалтын хүчин чадлыг сурталчлан хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээнд хөрөнгө, санхүү татах зорилгоор чуулсан энэ удаагийн уулзалтад Засгийн газрын сайд нар, холбооны бүхий л субъектын удирдлага захирагч нар, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй, компаниудын төлөөлөл, гадаадын улс орнуудын төр, засгийн удирдлага, хэвлэл мэдээллийн ажилтнууд зэрэг найман мянга гаруй төлөөлөгч оролцож, чуулга уулзалтын үеэр Оросын томоохон бүс нутгийн ААН-үүд өөрсдийн павильоныг ажиллуулж, үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүнээ сурталчлав.

Чуулга уулзалтын сүүлийн өдөр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Д.Козак энэ удаагийн арга хэмжээг дүгнэж хэлэхдээ өмнөх оноос даруй 7 дахин их хэмжээний үнийн дүнтэй буюу 768 тэрбум рублийн 443 гэрээ хэлэлцээр байгуулагдсаныг мэдээлэв.

 

Холбоотой мэдээ