Согтуу жолоочоос болж хоёр худаг хөлджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-02-17 19:29:28
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Согтуу жолооч цахилгааны шон мөргөснөөс болж гэр хорооллын хоёр худаг хөлджээ. Шөнөдөө -25-32 хэм хүртэл хүйтэрч байгаа энэ үед цахилгаанаар халдаг хоёр худаг хөлдсөн байна. Иймд “Эрдэнэт –Ус ДТС” ОНӨХК дээрх шонг засварлаж байна. Мөн согтуу жолоочид хариуцлага тооцохоор хуулийн байгууллага ажиллаж байгаа ажээ.

Орхон аймгийн гэр хороололд нийт 90 орчим худаг байдгаас  61 нь ухаалаг  юм. Ухаалаг  худагт ус түгээгч ажилладаггүй, 24 цагийн турш нээлттэй, иргэд картаараа хэдийд ч усаа авах боломжтой юм. Худгийг хөлдөөхгүйн тулд халаалт болон ус дамжуулах системийг цахилгаанд холбосон байдаг ажээ. Харин үлдсэн 30 орчим худаг усаа зөөврөөр авдаг юм. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт-Ус ДТС” ОНӨХК долоо хоног бүр дээрх худгуудад ус зөөдөг ажээ. Эдгээр худгуудад ухаалаг систем нэвтрүүлэхээр аймгийн ЗДТГ-т саналаа хүргүүлсэн гэж тус компанийн ерөнхий инженер Ч.Мягмарсүрэн хэллээ.

Тэрээр мөн, сүүлийн үед шинээр барьсан худгуудын дулаан алдагдалт их, өвлийн улиралд хөлдөх тохиолдол цөөнгүй гарч байгааг хэллээ. Нэг худаг барихад дунджаар 15 орчим сая төгрөг зарцуулдаг. Энэ нь хэт бага төсөв тул чанаргүй олон худгаас чанартай цөөн худаг барих эсвэл мөнгөн дүнг нь нэмэх хэрэгтэй байгааг хэлж байсан юм. Орхон аймаг 2015 оноос бүх худгаа ухаалаг болгох зорилт тавьсан юм. 

Холбоотой мэдээ