Олон улсын чанарын менежментийн стандарт нэвтрүүлэх 3 талт гэрээнд гарын үсэг зурлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-02-16 00:03:06

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн ЗДТГ-т чанарын менежментийн тогтолцоо-ISO 9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүлэх 3 талт гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээ өнөөдөр аймгийн ЗДТГ-ын "Хүндэтгэлийн өргөө"-нд боллоо.

Гурван талт гэрээнд ЗДТГ-ын дарга Б.Цэрэндаваа, Монголын менежментийн зөвлөхүүдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Хангай, Мерит төслийн захирал Женифер Адамс нар гарын үсэг зурсан юм. Гэрээнд гарын үсэг зурахад аймгийн засаг даргын орлогч Ч.Сарангэрэл, ЗДТГ-ын хэлтсийн дарга болон мэргэжилтнүүд оролцлоо. Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 265 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг, нийгмийг 2018-2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлүүдэд тусгасны дагуу өнөөдөр уг арга хэмжээг ажил хэрэг болгон гарын үсгээр баталгаажуулж байгааг Засаг дарга Ж.Батжаргал тодотгосон юм. Чанарын стандартыг ЗДТГ-т нэвтрүүлэхэд шаардлагатай хөрөнгийг Канад Улсын "Мерит" төслөөс санхүүжүүлж, ЗДТГ-т нэвтрүүлэхэд Монголын менежментийн зөвлөхүүдийн холбоо зөвлөх үйлчилгээ үзүүлж хамтарч ажиллах юм байна. Энэ ажлыг  аймгийн удирдлагад нэвтрүүлэхээр аймгийн Засаг даргын захирамжаар ЗДТГ-ын дарга Б.Цэрэндаваагаар ахлуулан 11 гишүүнтэй чанарын менежментийн хороо байгуулжээ. Өнгөрсөн онд энэ ажлын бэлтгэл болгож, Мерит төслөөс 6-р сард Канад улсаас мэргэжилтэн зөвлөх урьж сургалт явуулсан байна. Сургалт 5 удаа явагдаж ЗДТГ-ын 70 гаруй ажилтан, албан хаагчид хамрагдаж, ISO 9001:2015 стандартын анхан шатны мэдлэгтэй болсон гэлээ. Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх ажил 5 үе шаттайгаар зургаан сар хэрэгжинэ хэмээн Менежментийн холбооны зөвлөхүүдийн гүйцэтгэх захирал Б.Хангай мэдээлж байна.

Олон улсын стандартыг байгууллагадаа нэвтрүүлснээр чанартай, олон улсад нээлттэй болно хэмээн Канадын Мерит төслийн захирал Женифер Адамс хэлсэн үгэндээ онцоллоо. Стандартыг хэрэгжүүлэхэд удирдлагуудын манлайлал их чухал үүрэгтэйгээс гадна албан хаагчдын идэвх чармайлт, чадвар их нөлөөтэй аж. 

Чанарын менежментийн тогтолцоо-ISO 9001:2015 стандартыг аймгуудаас Сэлэнгэ аймаг хамгийн түрүүнд ажилдаа нэвтрүүлсэн бол өнөөдөр Төв аймаг олон улсын стандарттай хөл нийлүүлэн үйл ажиллагаагаа удирдахаар ажлаа эхлүүллээ.

ISO 9001:2015 стандарт нь 100 гаруй жилийн түүхтэй юм байна. 

Холбоотой мэдээ