ДӨРӨВДҮГЭЭР САРЫН МАГТУУ

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2019-02-14 18:06:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


Зэврүүн зэврүүн л гэнэ, хавар л бол хавар л даа
Зэрлэг байгалийн өмнө хайраас бусад нь хүчгүй л дээ.
|Я.Баяраа|


Дөрвөн жилийн өмнө Линь Хуй-Инь гэх яруу найрагчийн зургаан шүлэгтэй танилцаж билээ. Тэнд “Чи бол хүмүүсийн дундах дөрөвдүгээр сар” гэсэн мөр зурайж байв. Дорнын тэр л хязгаарт дөрвөн сар айлчлахад мод бут цэцэглэдэг. Жаахан охин цэцгэн титэм зүүгээд номин ногоон талд инээмсэглэж зогсох шиг ариун зүйл бол хайр. Тиймээс л чи бол хүмүүсийн дундах дөрөвдүгээр сар юм. Гэхдээ энэ эхлэл бол миний бичвэртээ сонгож авсан сэдвийг тодорхойлно. Өгүүлэх зүйл харин огт өөр билээ.


Туркийн алдарт зохиолч Сабахаттин Алигийн монголд анхлан орчуулагдсан роман бол “Арьсан хүрэмтэй Мадонна” юм. Тус роман Мариа Пүдер болон турк эр Раиф эфэнди хоёрын хайр сэтгэлийн гашуун дурсамжийг өгүүлдэг. Гэвч энэ нь мэдээж “үнэн” юм. Үнэн хэзээд гашуун байдаг.


***


Зохиолын гол дүрийн эмгэнэл нь маш их шаналан, харууслын үр дүнд бүтээгдсэн бөгөөд ямар нэгэн залруулах боломж харин огт байсангүй. Эл романы хүүрнэгч Расым нэг өрөөнд хамтран ажиллаж буй найз Раиф эфэндигийн үйл хөдлөл, зожиг байдлыг хачирхаж басхүү эгдүүцэх хэдий ч сэтгэлийнх нь гүндэх нууцыг мэдрэхээр чармайна. Романы эхлэл болох тус өгүүлэмж нь гадагш чиглэлтэй бөгөөд Раиф эфэнди нөгчисний хойно Расымын гарт түүний тэмдэглэлийн дэвтэр орж ирнэ. Яг эндээс л гадагшаа чиглэлтэй хүүрнэл дотогш чиглэсэн үйл явдлуудаар тодорхойлогдож эхэлдэг билээ.


Тиймээс ч судлаачид “Арьсан хүрэмтэй Мадонна”-г “зохиолын доторх зохиол” буюу “frame nerrative” хэлбэртэй роман гэж тодорхойлдог байна.


Мариа Пүдер бол “Арьсан хүрэмтэй Мадонна” зургийн эзэн. Тэр Раиф эфэндиг хайрладаггүй мэт боловч гүн гүнзгийгээр хэрхэн хайрлаж буйг зохиолд тэмдэглэл хөтлөх маягаар буулгана. Харин Раиф эфэнди бол ахуйн дарамтанд хүлүүлсэн, хэн нэгэнтэй харилцаж сэтгэлээ бүрэн дүүрэн нээдэггүй, ажилдаа махруу хэр нь хамгийн муу цалин авдаг герман хэлний орчуулагч. Үүнээс өмнө тэрээр харь нутагт ч мөн бүхнээс хол амьдарч ирсэн. Гагцхүү Берлинд өнгөрүүлсэн хоёр жилийн доторх үйл явдал түүнийг өөрчилж чадсан хэдий ч энэ нь насан туршийн харуусал болж хоцордог.


Турк орны зохиолч хийгээд найруулагчдын бүтээлд харь оронд гадуурхагдсан, улс үндэстнээс тусгаарлагдаж, өөрийн зайг бий болгохоор зүдэрч яваа турк хүний дүр заавал гардаг. “Арьсан хүрэмтэй Мадонна” романд ч энэ асуудлыг хөндөж буй нь илэрхий харагддаг. Эх орондоо аж төрөхөд хэцүү болсон ч харь орны соёл, үндэстэн хоорондын ялгаа хэчнээн зөрүүтэй болохыг зорилго нь төдийлөн тодорхойгүй ганцаардмал нэгний дүрээр зурж өгсөн нь туйлийн оновчтой байв.

Харин цаашид үйл явдал урлагийн гоо сайхнаас эхлээд хүмүүсийн хоорондын нарийн төвөгтэй харилцаа, хайр сэтгэлийн гашуун үнэн, үл ойлголцлоос хэтийдсэн зүрх сэтгэлийн өнчрөлийн талаар элдэв чимэггүйгээр хүүрнэн өгүүлэх болно.


...Чин сэтгэлээсээ хайрласан хүн энэ хайраа хэзээ ч өмлчөх гэж оролдохгүй, бусдаас ч тэгж шаардахгүй. Хайрыг хэдий чинээ түгээнэ, төдий чинээ дурласан цор ганц хүнээ шүтнэ. Хайр, тарах тусмаа нимгэрч багасдаг эд биш.” |Сабахаттин Али “Арьсан хүрэмтэй Мадонна”|


Хүний сэтгэл хязгааргүй ч гэсэн хайр бол нимгэрдэг, жижигхэн болчихдог эд биш ажээ. Хэчнээн олон гоо сайхныг харж, хайрлан дурлавч, сэтгэл зүрхний угт чин үнэнээр шүтэгдэн орших тэр л хүний дүр төрх хэвээр байна.


...Миний хүссэн дурлал өөр! Дурлал бол, бүх учир шалтгаан, эрүүл ухаанд автдаггүй, үгээр дүрслэх аргагүй, мөн чанарыг нь тодорхойлох аргагүй тийм л зүйл. Хайрлах, талтай байх хоёр ялгаатай шиг хүсэх, бүх бие сэтгэлээрээ, байгаа бүхнээрээ хүсэх ч бас ялгаатай... Хайр дурлал гэдэг, минийхээр бол, сэтгэл зүрхээрээ хүсэх!|Сабахаттин Али “Арьсан хүрэмтэй Мадонна”|




Хүн төрөлхтний урлаг соёл, уран зохиолын мөнхийн сэдвийг Али энэ үгсээр л тод томруун дүрсэлжээ. Илүү олон зүйлийг нуршиж, зохиолд адал явдал оруулан хэлбэржүүлж үйл явдлыг шугамыг огт өөрчилсөнгүй. Тарааж хаясан шоонууд нь ямагт нэг шугамд буудаг хөгшин илбэчин шиг л зохиол дундуур хөврөх эдгээр үгс уншигчийн сэтгэлийг хөдөлгөнө. Үнэхээр “Дурлал бол, бүх учир шалтгаан, эрүүл ухаанд автдаггүй, үгээр дүрслэх аргагүй, мөн чанарыг нь тодорхойлох аргагүй тийм л зүйл” гэсэн өгүүлбэр Мариа Пүдер болон Раиф эфэнди хоёрын харилцааг бүрнээ төлөөлж чадах ч гэсэн он жилийн уртад алга бололгүй үлдсэн дурсамж хийгээд өчүүхэн төдий үзэн ядах сэтгэл нь хөгшин орчуулагчийг амьд байлгаж байв.


Гэтэл өөрт нь Мариа Пүдер хэчнээн хайртай болохыг, энэ яваа насандаа ганцхан удаа хараад өөрийн төрсөн охиноо зөн совингоороо мэдэрч, түүний дараа л гэнэтхэн амьдрах тэнхэл үлдээгүйг ухаарах сэтгэл зүйл төлөвийг бид хэдэн мянган үгсээр илэрхийлж барахсан билээ. Хэн бүрээс нуун далдалж явсан бүхнээ нэг бүрээр нь тоочин бичиж үлдээхээр гэнэт шийдсэн нь өөрийн хайрыг өмчлөх гэж оролдоогүйн баталгаа ч юм шиг... 


“Тийм ээ... Тийм! Мэдээж би чамд хайртай. Хязгааргүй их хайртай... Өөрөөр байж болно гэж үү?.. Мэдээж, хайртай... Гарцаагүй хайртай. Чи юунд ингэж гайхаад байгаа юм бэ? Хайргүй гэж чи бодож чадлаа гэж үү дээ? Чиний ч надад ямар их хайртайг би мэднэ... Би ч яг адилхан чамд хайртай...|Сабахаттин Али “Арьсан хүрэмтэй Мадонна”|


Тоочилт маягийн энэ үгс хүртэл тухайн романы өгүүлмж дотор бүрэлдэхдээ өөрийн дотор удаан гэгч нь хадгалж явсан бүхнээ гэнэтхэн ил болгож буй эмэгтэй хүний өрөвдөм, эцсийн тэвчээр нь барагдсан мэт дүр зургийг амилуулна. Яагаад ч энэ үгсээс гэгээлэг дүр төрөх тодордоггүй. Бачимдаж шаналсан, хэн нэгнийг алдахаас айж харууссан үгсийн амьсгал төөнөнө. Тиймээс л бид дүрснээс илүү харилцан яриагаар ойлголцож өнөөдрийн зууныг бүтээсэн болов уу.


Нөгөөтэйгүүр тус роман нь хоёр өөр үндэстний хүмүүсийн хайр сэтгэл, дэлхийн нэгдүгээр дайны дараах цаг үеийн байдлыг нарийн зураглаж үзүүлснээрээ онцлогтой. Тийм ч учраас Сабахаттин Алид цэвэр тунгалаг болоод ээдрээтэй, төгсгөл нь харууслаар дүүрэн үнэн ариун, үүрдийн хайр сэтгэлийн тухай түүх хэрэг болсон нь ойлгомжтой билээ.


***



Турк орны тухай ярихад эхэнд нь Истанбул, дараа нь Орхан Памук л хамгийн түрүүнд бодолд харвадаг. Харин одоо бол хэн нэгэн Турк орны тухай ярьж эхэлвэл “Арьсан хүрэмтэй Мадонна”, дараа нь Берлин бодогдох биз ээ. Хаа нэгтээ гээж орхимгүй, зүрх сэтгэлийн угт өчүүхэн шижим дээр тогтсон хэр нь хэзээ ч тасарч унахгүй зүүгдсээр л байдаг хөндүүр дурсамж хүн бүрийн дотор байдаг даа. Үүний тухай дэлгэж бичвэл асар том тойрог үүснэ. Бас хөнгөн уйтгар, сэтгэл урагдам зовнил дагалдах нь мэдээж. “Арьсан хүрэмтэй Мадонна” бол яг тийм роман. Харин Мариа Пүдер бол “хүмүүсийн дундах дөрөвдүгээр сар” билээ.

 

Холбоотой мэдээ