Улаангомын хөрсөнд хөх өвс хөндлөн хаясан ч ургадаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-02-01 11:10:18

Увс /МОНЦАМЭ/. “Монгол Улсын аварга тариаланч”-аар шалгарсан Улаангом сумын 2 дугаар багийн тариаланч Нямаагийн Аюушжавт УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон аймгийн удирдлагууд шагналыг нь гардуулан өглөө.

Н.Аюушжав нь нөхөр, 6 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд 1983 онд Ховд аймаг дахь Хөдөө аж ахуйн Техниккумыг Агро техникч мэргэжлээр төгсчээ. 1983-1987 онд Дархан хотын УГТЭШХүрээлэнд эрдэм шинжилгээний туслах ажилтнаар, 1987-1991 онд Увс аймгийн Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд бригадын даргаар тус тус ажилласан байна.

“Би газар тариалангийн салбарт тасралтгүй 33 жил ажиллаж байна. Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ гээд бүгдийг нь тарьж үзсэн. Газар тариалан эрхлэхэд манай Улаангомын хөрс их сайхан зохицдог юм. Хөх өвс хөндлөн хаяхад л ургадаг гэж өвөг дээдэс минь ярьдаг байж билээ. Энэ сайхан өдөр насныхаа хөдөлмөр зүтгэлийг үнэлүүлээд Улсын аварга цол хүртсэндээ үнэхээр их баяртай байна” хэмээн Улаангом сумын 2 дугаар багийн тариаланч Н.Аюушжав шагналаа гардаж авах үеэрээ хэлсэн юм.

Холбоотой мэдээ