Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын ажлыг хэсэг байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-01-31 09:26:06

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогыг зохион байгуулж явуулах аймгийн тооллогын ажлын хэсгийг байгууллаа.

                 Аймгийн Засаг дарга ахалсан ажлын хэсэг хэлтэс, агентлагийн дарга, Булган сумын Засаг дарга оролцсон 21 хүний бүрэлдэхүүнтэй ажиллах юм.

                 - 2020 оны хүн ам, орон сууцны тооллогын ажил ирэх гуравдугаар сараас эхэлнэ. Энэ удаагийн тооллогын онцлог нь холимог аргаар буюу уламжлалт биеэр тоолох аргыг статистикийн хүн ам, өрхийн бүртгэл мэдээллийн сантай хослуулан хийх юм гэж аймгийн статистикийн хэлтсийн дарга Д.Мөнхбат ярилаа. 10 жилийн давтамжтай нарийвчлан хийдэг хүн ам орон сууцны тооллого нь төлөвлөлт хийх, бодлого боловсруулах нэн хэрэгцээтэй мэдээллийн эх үүсвэр болдог байна. Ирээдүйд хүн амын өсөлт ямар байх, хаана сургууль, цэцэрлэг, эмнэлэг шинээр барих, 10 жилийн дараа хэдэн хүн тэтгэвэрт гарах, нийгмийн даатгалын ямар бодлого хэрэгжүүлэх, хүн амыг орон сууцжуулахад юунд анхаарах, цэвэр ус, усан хангамж, дулаан, цахилгааны эх үүсвэрийг хэрхэн шийдвэрлэх зэрэг бодлого, төлөвлөлтийг хийдэг цорын ганц мэдээллийн эх үүсвэр юм гэж мэргэжилтнүүд тайлбарлалаа

                 Тус аймагт 2000 онд 61776, 2010 онд 53665 хүн амтай байжээ.

Холбоотой мэдээ