Шуудангийн компаниуд цахим худалдаа эрхэлдэг болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы хуралдаанаар Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.
Монгол Улсын Засгийн газраас шуудангийн салбарыг уламжлалт үйлчилгээ бүхий өнөөгийн түвшнээс олон улсад өрсөлдөх чадвартай, мэдээлэл харилцаа холбооны дэвшилтэт технологийн давуу талд тулгуурласан, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, найдвартай, хурдан шуурхай хүргэдэг шууданг бий болгох зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөлд, шуудангийн үйлчилгээ үзүүлэх эрх бүхий этгээд нь цахим худалдааг Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын дагуу эрхэлж болох зохицуулалт тусгасан байна.
Харин
Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталснаар,
хэмжлийн нэгдмэл байдлыг хангах, үйл ажиллагааг нь олон улсын жишигт
нийцүүлэх, хэмжил зүйн үйл ажиллагааны чадамж, үр дүнг дээшлүүлэх,
үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, шинжлэх ухаан, шинэ техник,
технологийг нутагшуулах аргаар эдийн засгийг хөгжүүлэх боломж бүрдэнэ
хэмээн Засгийн газар үзжээ.
Дээрх хоёр хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.