Боловсролын тухай хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулахыг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-01-18 13:31:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

УИХ-аас 2018 оны зургаадугаар сарын 21-нд баталсан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд сум, дүүргийн Засаг дарга нар төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлагыг томилж, чөлөөлөхөөр хуульчилж, энэ сарын 01-нээс хэрэгжүүлэхээр болсон. Гэвч хуулийн өөрчлөлтийг дагаж мөрдөх бэлтгэл ажлыг хангах, бусад хуультай хэрхэн уялдуулах үүднээс хэрэгжиж эхлэх хугацааг 2020 оны долдугаар сарын 01 хүртэл хойшлуулах шаардлагатай хэмээн үзэж, Ж.Ганбаатар гишүүн уг хуулийн төслийг боловсруулсан байна.

Тэрбээр, "Улс төрөөс хараат бус, шударга, ил тод, хариуцлагатай төрийн албаг бэхжүүлэх зорилго бүхий Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ сарын 01-нээс хэрэгжиж байгаа. Гэвч улс төрийн албан тушаалтан буюу сум, дүүргийн Засаг дарга төрийн үйлчилгээний албан тушаалтныг томилж, чөлөөлөх нь мэдлэг, чадвартай иргэд нээлттэй өрсөлдөх боломжийг хязгаарлах магадлалтай. Тиймээс хуулийн дагаж мөрдөх хугацааг хойшлуулж, эхний ээлжинд бусад хуулиудтай уялдуулах шаардлагатай" хэмээн хууль санаачлагчийн илтгэлдээ дурьдсан юм.

Хэлэлцүүлгийн үеэр Л.Оюун-Эрдэнэ гишүүн Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барих шаардлагатай байгааг дурьдлаа. Тэрбээр, "Их, дээд сургуульд элсэхэд Монголын түүх болон Монгол хэлний хичээлээр суурь шалгалт авдаг болох хэрэгтэй. Монгол Улсад олон Их, дээд сургууль бий. Эдгээр сургуулиудын боловсролын чанар дэлхийд хэддүгээрт эрэмблэгдэж байгааг ч мөн тогтоох шаардлагатай" гэлээ.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, "Түүх, Монгол хэлний суурь шалгалт авдаг болох талаар Л.Оюун-Эрдэнэ гишүүнтэй санал нийлж байна. Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж байгаа" гэсэн тайлбар өглөө.

Мөн үеэр Д.Тогтохсүрэн гишүүн боловсролын байгууллагын удирдлагыг Засаг дарга нар бус салбарын төрийн захиргааны байгууллага томилдог байх нь чухал гэдгийг онцолсон юм.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв.

Холбоотой мэдээ