Ө.Сувдаа:Төрийн албан хаагчдын хувьд харилцаа, хандлага хамгийн чухал нь

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-01-17 15:59:51

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн ажил үйлсийн талаар тус зөвлөлийн дарга, аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаатай хийсэн сонирхолтой ярилцлагаа хүргэе?

-Сэлэнгэ аймгийн ТА-ны салбар зөвлөлийн энэ жилийн зорилт, хийж хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцуулна уу...?

-Засгийн газраас 2018 оныг “Хариуцлагын жил” гэж зарласантай уялдуулан аймгийн салбар зөвлөлөөс “Хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлж, сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил” болгон тодорхой ажлуудыг төлөвлөж гүйцэтгээд байна.

Аймгийн хэмжээнд  208 байгууллагын 6050 төрийн албан хаагч ажиллаж байна. Нэг санаа, нэгдмэл зорилгын төлөө ажиллаж байгаа албан хаагчдын төрийн албаны стандартыг хангуулах, хүний нөөцийг төлөвлөх, хэрэгжүүлэх, томилж байршуулах, мэргэшүүлэх, хөгжүүлэх  асуудалд дэмжлэг үзүүлэх нь  Төрийн албаны салбар Зөвлөлийн  үндсэн чиг үүргийн нэг байдаг. 

Энэхүү чиг үүргийнхээ хэрэгжилтэд илүү сайн үр дүн бий болгох үүднээс энэ жилийн хувьд аймгийн Засаг дарга болон Төрийн албаны салбар Зөвлөлөөс төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр тодорхой үүрэг, зөвлөмж, чиглэлийг нийт төр, төсвийн байгууллагад өгснөөс гадна “Суралцагч байгууллага-Төрийн албаны манлайлал” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж, “Соёлтой харилцаа-Шуурхай үйлчилгээ”, “Ёс зүйн зөрчилгүй хамт олон” аян, хөдөлгөөнийг аймгийн хэмжээнд өрнүүлж, төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх шат дараалсан сургалтуудыг МУИС-ийн эрдэмтэн багш нар, Германы Олон улсын Хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөр, “Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөл, JCI зэрэг гадаад, дотоодын төсөл, хөтөлбөрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж, төрийн албан хаагчдад шинэ мэдлэг, ур чадвар, зөв харилцаа, хандлагыг бий болгохыг зорьж байна.

Саяхан улсын хэмжээнд зохион байгуулагдсан Төрийн албан хаагчдын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшнийг үнэлэх судалгаанд аймгийн хэмжээний Төрийн жинхэнэ албан хаагчид буюу төрийн захиргаа, тусгай албан хаагчид маань сайн бэлтгэж, хангалттай  сайн үнэлэгдлээ. Байгууллага бүр үндсэн зорилт, чиг үүргээ сайтар  гүйцэтгэж  чадаж байвал тэнд иргэдийн ямар нэг гомдол, бухимдал гарахгүй л гэсэн үг.

            Манай Тамгын газар Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001 стандартыг төрийн үйлчилгээнд анхлан нэвтрүүлсэн хоёр аймгийн нэг. Энэ хүрээнд төрийн байгууллагаас иргэд, хэрэглэгчдэд үзүүлж буй үйлчилгээгээ сайжруулах, иргэн төвтэй төрийн үйлчилгээг бий болгон иргэдийн асуудлыг бүрэн шийдвэрлэж, тэдний сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх асуудлыг бид эн тэргүүний зорилтоо болгон ажиллаж байна.

-Сэлэнгэ аймгийн Төрийн албаны салбар зөвлөл маань ажлынхаа үнэлэмжээр улсад түрүүлж, эхний байруудад явдаг. Энэ амжилтын үндэс юу вэ?

-Манай аймгийн хувьд төрийн албан хаагчид харьцангуй тогтвортой ажилладаг. Аймгийн ихэнх байгууллага дээр төрийн албаны залгамж чанарыг эрхэмлэж одоогийн яриад байгаа мерит буюу чадахуйн зарчим дээр суурилагдсан томилгоо утгаараа явагддаг гэж үнэлэгддэг. Гэхдээ Төрийн алба тогтвортой байгаа сайн талтай ч үүний цаана төрийн албанд удсан, дадсан албан хаагчид иргэдэд болон бусдад  “ихэрхсэн” хандлагаар харьцахгүй  гэдгийг төрийн албан хаагчид маань өөрсдөө ухамсарлаж харилцаа хандлагаа засаж сайжруулах, мэдлэг чадвараа дээшлүүлэх,  цаг үеийн эрэлт, хэрэгцээг мэдэрч,  нийцэж ажиллах ёстой.

Төрийн албаны стандартыг хууль, журам, дүрмийн дагуу хэрэгжүүлэх, сурталчлах, Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг иргэдэд ойлгомжтой, нээлттэй, ил тод, шулуун шударга байх зарчмыг баримталж, хяналтын камерын системийг бүх шатны сонгон шалгаруулалтад ашиглах мөн хөндлөнгийн ажиглагчийг оролцуулж байгаа нь шалгалтад өрсөлдөж буй болон сонирхож байгаа хүмүүсийн сэтгэлд нийцдэг учир янз бүрийн гомдол, маргаан гарах нь мэдэгдэм бага болж байгаа. Энэ нь манай  ажлын нэг сайн үзүүлэлт. Төрийн Албаны Зөвлөлөөс аймгуудыг 18 үзүүлэлтээр үнэлдэг. Гол үнэлгээ бол стандартын хангалт, шинэ санал, санаачилга гаргасан байдал, иргэдээс ирж байгаа санал хүсэлт, гомдлын шийдвэрлэлт байдаг. Манай салбар зөвлөл улсад 4 удаа тэргүүн, дэд байруудыг эзэлсэн. Байр эзлэх гэдэг бол нэг өөр асуудал. Гол нь төрийн албан хаагчид ард иргэдэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, хугацаанд  нь хүргэж байна уу гэдэг нь чухал. 

-Төрийн албан хаагчийн цалин хангамжийн асуудал байнга яригдаж байдаг сэдвийн нэг. Энэ талаар өөрийн тань байр суурь...?

-Ер нь хараад байхад төрийн тусгай болон захиргааны албан хаагчид бага цалинтай. Олон янзын урамшил, илүү цагийн мөнгө гэж байхгүй. Харин ч төрийн захиргааны албан хаагчид ажил хийхгүй байна гэдэг шүүмжлэлд илүү өртдөг. Манай аймгийн хувьд “Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа” хөтөлбөрийг  батлуулж хэрэгжүүлж ажиллаж байгаа хэдий ч хөрөнгө санхүүгийн асуудлаас болоод бүрэн дүүрэн шийдвэрлэж чадахгүй байгаа олон асуудлууд байна. Цалин хангамжаас гадна нийгмийн асуудлыг нь яаж шийдвэрлэх вэ, ялангуяа залуу төрийн албан хаагчийг хэрхэн тогтвортой ажиллуулах вэ гээд. Жишээлэхэд манайд эмч, эмнэлгийн ажилтан дутагдалтай байдаг. Цалинг нь ахиу өгөөд, амьдрах орон байраар нь хангаад өгвөл чадвартай залуу эмч нарыг орон нутагтаа татах боломж байгааг  олж хараад Төрийн албан хаагчийн орон сууц барих асуудлыг аймгийн Засаг даргын зүгээс шийдвэрлэж ажлаа эхлүүлсэн байгаа.

-Төрийн албан хаагчийг мэргэшүүлэх, сургах чиглэлээр ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Ямар хүмүүсийг төрийн албанд авах вэ гэдэг их чухал асуудал гэж би хувьдаа боддог. Нэг ийм үг байдаг даа, “Хамгийн чадварлаг, шилдэг хүнийг биш харин зөв хүнийг л олох нь чухал” гэж. Цааш нь сургаад, чиглүүлээд, дадлагажуулаад, мэргэшүүлээд авъя гэхэд идэвх зүтгэлтэй, зөв хандлагатай хүмүүсийг сонгох нь чухал. Мэдлэг, чадвартай мөртлөө хандлага буруу байх юм бол багаар ажиллах, байгууллагын дотоод дүрэм журмыг мөрдөх,  удирдах, удирдуулах ёсыг баримталж ажиллахад аль алинд нь хүндрэлтэй. Тиймээс “Зан чанарыг ажилд авч, ур чадварыг эзэмшүүл” гэж яригддаг үгийг баримтлахыг бид хичээдэг. Зөв хандлагатай ямар ч хүнд ур чадварыг эзэмшүүлж болдог. Төрийн албаны үйл ажиллагааг зарим залуучууд амар хялбараар боддог буруу хандлага түгээмэл байна. Ерөнхий мэдлэг, бичиг үсгийн чадвар шаардлагын хэмжээнд хүрэхгүй байна. Иймэрхүү шүүмжилмээр зүйлс байдаг. Уг нь төр чаддаг хүнийг авахаас биш чадахгүй хүнийг авч сургадаг газар биш. Тэгэхдээ анх ирэхдээ бүгдийг мэддэг хүн байна гэж юу байхав,  наанатай цаанатай хандах хэрэгтэй, Хамгийн гол нь ажил дээрээ илүү их хичээх, маш хурдан дадах, сурах, хуулиа судлах, багаар ажиллах, хамт олонтойгоо нийтэч байх, аливаа ажлыг эхэлсэн л бол дуусгаж гүйцэтгэл сайтай байх шалгуурыг хангах нь зүйтэй. Энэ байдал дутмаг байдгаас сургаж, дадлагажуулах ажилд ихээхэн цаг хугацаа орж байна. Мэргэшүүлж сургах чиглэлээр аймгаас бодлого барьж ажиллаж байгаа. Ялангуяа дутагдалтай байгаа мэргэжлүүд болох хүний эмч, малын эмч, агрономич чиглэлээр. Оюутнууд төгсөөд орон нутагтаа ирж ажиллах нь бага байна. Аймгийн Засаг дарга Япон, Хятад, ОХУ-ын зарим байгууллага, сургуулиудтай аймгийнхаа хүүхэд, залуучуудыг сургах, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах асуудлаар  урьдчилан тохирч шийдэлд хүрээд байна. 

-Ингэхэд таны төрд ажилласан цаг хугацаа хэзээнээс эхэлсэн бэ?

-1999 онд Төрийн албаны Мэргэшлийн шалгалтыг аймгийн ИТХ-ын ажлын албаны ажилтны орон тоон дээр шалгалт өгч тэнцэн ажлын гараагаа эхэлж, 2006 оноос Тамгын газартаа Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргаар, 2008 оноос Тамгын газрын даргаар ажиллаж байна даа.Анх хурлын байгууллагаасаа их зүйлийг сурч мэдсэндээ тухайн үеийн хурлын дарга, нарийн бичгийн дарга, ажлын албаныхандаа талархаж явдаг.

-Сэлэнгэ аймгийн удирдлагын багийн гишүүний хувьд энэ аймаг орон нутгийн ололт амжилт, алдаа оноо бүхэн байнгын хамт яваа. Орон нутгийнхаа давуу талыг бас анхаарах асуудлыг нэрлээч гэвэл...?

-Манай аймаг давуу тал ихтэй. Газар тариалангийн үржил шимтэй хөрс, байгалийн үзэсгэлэнт газрууд, дагалдах баялаг, газрын доорх ашигт малтмалын ховор нөөц гээд бүх юм нь тэгш өгөгдсөн онцлогтой аймаг. Мөн Сэлэнгэ нутаг тэр чигээрээ түүхийн гэрч, Энэ давуу талаа ашиглаж, байж л хөгжинө. Аймгийнхаа 108 мянган иргэдийг яаж ажилтай, орлоготой байлгах вэ гэдэг асуудал аймгийн удирдлагын багийн өдөр тутам боддог зүйл. Ард иргэдээ дэмжсэн бодлого чиглэл зөв байх юм бол ажил зөв л явна. Иймээс гарч буй бодлого бүхэн иргэндээ ээлтэй, ажил, амьдралыг нь дэмжсэн шийдвэр гаргахыг гол зорилгоо болгон ажиллаж байна.  Аймгийн иргэд маань  хэзээнээсээ их хөдөлмөрч хүмүүс. Түүхийн энэ 87 жилийн хугацаанд үе, үеийн тариаланч, ногоочид, малчид, барилгачид, эмч, багш  гээд  бүхий л салбарын хүмүүс өнөөдрийг хүртэл Сэлэнгэ нутгаа  сайхан хөгжүүлж ирсэн. Сайнаар үргэлжлүүлж, сайн авч явах нь өнөөгийн бидний үүрэг.

Мэдээж анхаарах асуудлууд байгаа. Байгалийн нөөц баялгийг дагасан хүний буруутай үйл ажиллагаа, хууль бус үйлдлүүд их гарч байна. Тухайлбал байгалийг их хэмжээгээр сүйтгэсэн модны хулгай, түймэр гээд асуудал их байна. Энэ мэт анхаарч ажиллах асуудлууд бидний өмнө тулгардаг.

-Та аймгийн ЗДТГ-ын дарга гэдэг цаг зав хомс, хүндхэн албыг хашиж яваа хүн. Энэ ажлын онцлогийн талаар...

-Тамгын газрын дарга хуульд заагдсаны аймгийн Засаг даргын ажлын  албыг хариуцаж байгаа учраас бичиг цаас ихтэй, хурал зөвлөлгөөн, уулзалтад оролцох, сургалт, семинар зохион байгуулах гэх мэт ажлуудаас гадна  ирж уулзах хүмүүсийн тоо чамгүй их байдаг. Дээр нь байгууллагын төсөв, санхүү, дотоод ажлууд их бий. Хүмүүс “Амаргүй ажил байна шүү” гэж хэлдэг л юм. Би аль болох үүдэндээ хүн хүлээлгэхгүй, “ажил ихтэй, завгүй байна” гэж хэлэхгүйг хичээдэг. Бодлогын чанартай баримт бичгүүдээ нягтлах, зөвлөх, хэрэгжилтэд нь хяналт тавих гээд ар араасаа уялдаатай  олон ажил, арга хэмжээнүүд хүлээж байдаг.

-Үе үеийн хамт ажиллаж байсан удирдлагууд, баг хамт олныхоо талаар дурсахгүй юу?

-Үе  үеийн  удирдлагууд маань удирдлагын  өөр  өөрийн арга барилтай. Анх ажилд ороход ИТХ-ын даргаар Д.Очирбат дарга байсан. Зөөлөн талдаа, зөвлөж хийлгэдэг байсан. Олон жилийн туршлагатай Х.Жавхлан, О.Буянтогтох, Ж.Санжжав, Ч.Даваадорж дарга нар бол жинхэнэ төрийн мэргэшсэн  албан хаагчид. Албан бичиг, шийдвэрийн төсөл, бодлогын баримт бичгийг хэрхэн боловсруулдгийг анхлан заалгаж байлаа. Ж.Эрдэнэбат даргын хувьд эв эеийг хичээх, эвээр ажлыг хийлгэх, хүмүүсийг уриалж, өөрөө манлайлж ажилладаг байсан. С.Бүрэнбат дарга ч бас ямар нэг ажлыг ивж, дэмнэж,  тааруу хийгдэж буй зүйлийг хошин байдлаар  ойлгуулдаг онч үгтэй дарга. Ж.Баярмагнай дарга ширүүн талдаа. Бид загнуулж байхдаа энэ даргаас  их зүйлийг сурч байж гэж ярьцгаадаг юм. Одоо Ш.Оргил дарга залуу хүний хувьд их зоригтой, шийдэмгий. Хүнд итгэл өгч чаддаг, бас бүх талаар дэмжиж чаддаг. Итгэж байгаа болохоор хүн өөрөө өөртөө бас итгээд зоригтой ажиллах урам ордог юм байна лээ. Иймээс хариуцлагатай байх нь хамгаас чухал гэдгийг ойлгож итгэл алдахгүйг  хичээцгээдэг. Энэ олон сайхан хүмүүсээс их зүйлийг суралцаж, одоо ч заавар, зөвлөгөөг нь авсаар л байна. Сэлэнгэ аймгийн төрийг барьж байсан тууштай тулхтай олон хүмүүс, баг хамт олонтой хамт ажиллаж байгаагаараа бахархдаг. Удирдагч болгоны арга барилаар “атгасан гар шиг” нэг баг болон ажиллаж байгаа хамт олондоо сэтгэл дүүрэн байдаг. 

-Өөрийн тань ажилдаа баримталдаг зарчим юу билээ?

-Хүн удирдана гэдэг амаргүй. Хатуу зарчим бариад ажиллана гэдэг бас хэцүү байдаг. Нөхцөл байдлыг зөв үнэлэх шаардлага гардаг. Бодож байснаасаа жаахан зөрөх тохиолдол гарна. Аливаа хүний ард зовлон, жаргал хосолсон амьдрал байдаг учраас түүнийг зайлшгүй харгалзаж үзэх шаардлага ч тулгарна. Зарчмаа алдахгүй нөгөө хүндээ итгэл өгсөн байдлаар шийдвэр гаргахыг хичээдэг.

-Төрийн мэргэшсэн сайн албан хаагч, төрийн хүн байхын хамгийн гол үндэс суурь нь юу гэж та боддог вэ?

-Сайн албан хаагч байхын тулд хамгийн түрүүнд хандлагаа зөв болгож, хүмүүстэй мэндтэй, өөрийн салбараа мэддэг байх, цаг нарийн барих, за гэсэн бол яг л түүнийгээ хийдэг байх ёстой. Төрийн албан хаагч хариуцлагатай л байх хэрэгтэй. Хамгийн гол зүйл бол энэ. Тухайн салбарыг яах гэж хариуцаж байгаа билээ гэдгээ ойлгож, ажилдаа эзэн байх нь чухал. Мөн салбарынхаа хууль, тогтоомжийг сайн уншиж танилцаж, ахмадаа хүндэтгэж, үеийнхнээ манлайлж, залуучууддаа үлгэрлэж сургах нь чухал.  Энэ байдлаар үе үеийн төрийн албаны залгамж чанар явах байх.  

-Хувь хүнтэй салшгүй холбоотой зүйл бол өсөж төрсөн газар нутаг. Өөрөө аль нутаг усны хүн билээ, нутаг усаа хэр эргэдэг бэ. Та одоо ч бараг Сэлэнгийн унаган иргэн болчихсон байхаа даа...?

-Төрж өссөн газар Хөвсгөл сайхан нутаг. Сэлэнгэдээ ирээд удаж байгаа болохоор унаган иргэн болчихлоо доо. Сэлэнгэ, Хөвсгөл бол хоёулаа тариа будаатай аймгууд. Аав, ээж маань Тариалангийн САА-д ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Тариа тарьж ургуулж явсан хүмүүс. Төрж  өссөн нутаг сайхан байлгүй яахав. Сэлэнгэ нутагтаа анх ирчхээд би тариа дагаж явах л хувьтай хүн юм байна гэж бодож байлаа. Манай Тариалан сум бол тариа будааны нутаг.

-Та аав ээжээсээ хэдүүлээ билээ. Ер нь гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Миний хувьд аав ээжээсээ олуулаа. 8 хүүхэдтэй айлын гурав дахь охин.Эмээ дээрээ, жаахан эрхдүү өссөн.  Би өөрөө хүү, охин хоёртой. Нөхөр маань хувийн аж ахуйгаа эрхлээд явж байна. Жирийн л нэг гэр бүл.

-Аав ээжээс тань олгосон хүмүүжил юу билээ. Сайн сайхан яваа хүний ард сайн хань байдаг гэдэг сайхан үг бий ...?

-Аав ээж, эмээгээс маань олгосон хүмүүжил бол ажил хийж сургаж, хөдөлмөрөөр хүмүүжүүлсэн арга барил. Ер нь хөдөөний хүүхдүүд өглөө эрт босно, усаа авч түлээгээ хагална. Хичээлээ тараад л үхэр малаа будаанд оруулахгүй гээд араас нь явна. Дүү нараа асарна, хоолоо хийнэ. Манайх охид голдуу. Том, том түлээг хөрөөдөж хагалан өвлийнхөө бэлтгэлийг хангана. Саахалт айлынхан эдний охид хүүхдүүд их ажилтай, дээр нь сурлага сайтай гэж магтуулдаг байлаа.  Зуныхаа амралтаар үеийнхэнтэйгээ нийлээд ном их уншина,  сагс, гар бөмбөг их тоглоно. Ном маш ховор байсан. Дамжуулаад уншдаг байлаа.Ээж аав маань номтой нөхөрлүүлж, ажилд сургасан учраас өдий зэрэгтэй  яваа гэж  боддог.

Хүн ямар хань ижилтэй болсноос амьдралын  хувь заяа, сайн сайхан явах ихээхэн хамаардаг. Миний хувьд  Сэлэнгэ нутгийн сайн залуутай ханилсан. Миний ханийн зөвлөгөөгүй нэг ч ажил байхгүй. Заримдаа сэтгэл дундуур харих үед урам зориг өгнө. Зовох, жаргах үед нөхөр л хажууд байна. Шүүмжлэх, урам дэм өгөх аль алиныг нь хослуулж ард минь яваа хамгийн гол ноён нуруу. Ар амьдралдаа санаа зовохгүй, санаа сэтгэл түвшин ажил төрлөө хийх нөхцөл бүрдэнэ гэдэг хамгаас  чухал.

-Зав чөлөө гарвал түүнийгээ юунд зориулдаг вэ?

-Ном унших миний хобби. Зав муутай ч уншина гэж бодож ном их авна. Сүүлийн үед олон сайхан номууд хэвлэгдэн гарч байна. Тэднээс сонгоод худалдаад авчихсан боловч бүгдийг нь уншиж амжихгүй л явна. Номын тоосоо арчиж байхдаа  удахгүй уншина даа гээд л буцаагаад хийдэг. Ер нь түүхийн ном тэр дундаа улс орны тэргүүнүүдийн тухай, сайхан хүмүүсийн амьдралын түүхийн тухай номыг цуглуулах хоббитой. Аймгуудын, сумдын түүхийн тухай, эмэгтэйчүүдийн, эрүүл мэндийн, эртний хаад, хатдын тухай гээд олон төрлийн номууд манайд бий. Киноны хувьд ч түүхийн холбогдолтой кинонд илүү дуртай. Сүүлийн үед тэмдэглэж унших дуртай болсон. Улаан, ягаанаар  тодруулаад л уншина. Эргээд хэрэг болох чухал  хэсгийг  олж харах амархан  байдаг. Бидний үеийн оюутнууд Дэйл Карнегиар хүмүүжигдсэн. Тэр номыг уншаад л яаж өөртөө итгэж,  бусдаас суралцах вэ, яаж нөхдөө уриалах, яаж хувь хүнийхээ чадавхийг дээшлүүлэх ёстойг ойлгосон. Карнегийн сургалтын төв байгуулагдаж,  түүний гишүүнээр хүртэл элссэн.         

Харилцаан дээр яаж тулгуурлаж үйл ажиллагаа явуулах вэ гэдгийг маш энгийнээр ойлгож, хүнтэй сайхан харьцах ёстой гэдэг ойлголтыг авч байлаа. Нэг нэгнийгээ сонсож, хүндэтгэж байх хэрэгтэй. Тэр тусмаа настай хүмүүсийг илүү их сонсож, санаа сэтгэлийг нь ойлгох учиртай. Одоо хүмүүс ер нь материаллаг тал руу нь хандаад байдаг болж. Энгийн үгээр хүмүүжүүлдэг ном зохиолыг хүүхэд, залуучууд маань их уншаасай гэж боддог. Одоогийн хүүхдүүд ном уншихаа болилоо гээд хэсэг шүүмжилж байсан эргээд харин номонд ороод байна уу гэж харж байгаа. Олон  номтой хүмүүстэй харьцуулахад цөөн ч  гэлээ би  өөрийн гэсэн номын сантай. Гэрийнхээ нэг ханыг тэр чигээр нь номын сангийн тавиур  болгосон.

Айл болгоныг номын сантай болгох, хүүхдүүдийг номд шимтүүлэх чиглэлийн ажил их хийхийг байнга боддог. Саяхан харин манай аймгийн номын сангаас  “Номын сайн нөхөр” гэж эвтэйхэн  нэвтрүүлэг хийж номын сантай айлуудын номыг сурталчлах ажлыг сайн зохион байгууллаа. Үүнийг дэлгэрүүлэх нь зөв байх. Гэрт ном байгаа цагт хүн заавал уншдаг. Гэрт юу байна хүүхдүүд түүнийг л харна.

-Танай байгууллагын номын санд бас олон сайхан ном байдаг...?

-Өөрийнхөө хобби сонирхлоор байгууллагадаа байдаг жижигхэн номын санг өргөжүүлж байгаа. Гадна дотны дэмжлэгээр дэлхийн түүх, Britannica, хүүхэд залуучуудын  нэвтэрхий толь, төрийн шагналт зохиолууд, 108 боть гээд сүүлийн үеийн  бестселлер болсон ном бүхнээр баяжуулахыг хичээж байна. Эдгээр номоо төрийн албан хаагчид болон ард иргэд, хүүхэд залуучуудад ашиглуулах, номтой нөхөрлүүлэх зорилгоор “Иргэний танхим”-даа номын сангаа байршуулан ажиллуулж байна. Номоор дэлхий ертөнцийг таньж мэддэг учраас аль болох тийм хүмүүсийн хэрэгцээ, шаардлагыг хангасан түүхийн болон орчин үеийн  ном, товхимлоор баяжуулахыг зорьж байна.

Залуучууд маань хэл сурах хэрэгтэй. Бид  Төрийн албан хаагчдадаа  хэл сурахыг байнга л хэлдэг юм. Хэл сурчихвал боломж, гарц их байгаа. Англи, Австрали, АНУ-д төрийн албан хаагчдыг сургах боломж байгаа талаар энэ орнуудын Элчин сайдын яамны холбогдох хүмүүстэй уулзаж байхад байнга ярьдаг. Манай аймагт АНУ-ын элчин сайдын яамны олон нийттэй харилцах албаныхан ирэхэд Америкийн боловсролын төвийг нээх саналыг аймгаас тавьсан. Энэ төв хүүхэд, залуучуудыг Америкт боловсрол эзэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах  зорилготой юм билээ. Тиймээс Сэлэнгийнхээ хүүхдүүдийг сургах, мөн төрийн албан хаагчдыг дадлагажуулж, мэргэшүүлэх чиглэлээр тэтгэлэгт хөтөлбөрт хамруулахыг зорьж байна. Түүнд тавигдаж  байгаа шаардлага ерөөсөө хэл. Англи хэлнээс гадна хил залгаа давуу байдлаа ашиглаж орос хэл сурах шаардлага өдөр бүр тулгарч байна.

-Та сайн тамирчин. Сагс, волейбол одоо ч тоглосоор л байна...?

-Бидний үед хүүхэд бүрийг спортоор жигд хичээллүүлдэг байлаа. Норматив үзүүлэлт хангана гэж том даваа байлаа. Урт, өндрийн харайлт, гимнастик, суниалт гээд. Багш нар маань их сайн төдийгүй сурагчдын бие бялдрыг  жигд хөгжүүлэх гэж хичээж байж. Багш нарынхаа хичээл, зүтгэлийн үр дүнд спортын дөртэй болсон.Дээд сургуулийнхаа шигшээ багт тоглож байлаа. Спорт бол хичээллэж буй хүнийг гоё  харагдуулж их эрч хүч, урам зориг өгдөг. Би одоо тоглохоо байсан ч сагс, волейбол ер нь бүх төрлийн спортын тэмцээн үзэх дуртай. Эрүүл байлгаж, саруул ухааныг өгдөг хамгийн сайхан зүйл бол спорт шүү дээ.

-Та аймгийн цэрэг татлагын товчооны дарга.  Ямар ажил зохион байгуулж байна вэ? Ингэхэд та цолтой дүрэмт хувцас өмсдөг...?

-Аймгийн ЗДТГ-ын дарга аймгийн цэрэг татлагын товчооны даргын үүргийг хуулиар хүлээдэг. Цэргийн насны залуучуудын эрүүл мэнд, боловсрол анхаарах асуудлын нэг болоод байна. Залуучуудад  амьдрах ухааны, мэргэшлийн сургалт зайлшгүй хэрэгтэйгээс гадна эрүүл мэндийн байдал, цэргийн албанд тэнцэхгүй байх тохиолдол багагүй байна. Иймээс аймгийн ИТХ-аар “Цэргийн насны залуучуудыг эрүүлжүүлэх, боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг  батлуулж хэрэгжилтийг  ханган ажиллаж байна. Эрүүл мэндийн асуудалтай залуучуудад аймгийн Засаг даргын  нөөцөөс сүүлийн 3 жил дараалан тодорхой хэмжээний хөрөнгийг гаргаж эрүүлжүүлэх арга  хэмжээ авсан нь үр дүнтэй ажил болсон. Эхний таталтаар тэнцээгүй залуучууд дараагийн таталт болоход эрүүл болж тэнцсэн нь том амжилт гэж харж байгаа. Цолны хувьд БХЯ-наас аймгийн Засаг дарга, аймгийн ЗДТГ-ын дарга нарыг “Цэрэг стратегийн бэлтгэл” сургалтад “Тавантолгойн” цэргийн бааз дээр тусгай хөтөлбөрөөр сургаж цэргийн цол олгодог. Энэ дагуу 3 удаагийн сургалтад хамрагдсан. Бэлтгэл хошууч цолтой. 

-Хүмүүст хандаж юу хэлмээр байна ....

-Хүн байхын утга учир... Нэг нэгэндээ сайхан хүндэтгэлтэй хандаарай. Бодоод байхад хүний амьдрал маш богинохон. Энэ богинохон амьдралд нэг нэгэндээ хатуу үг хэлж гомдоохгүй байх, сайн сайхан хандаж, авах, гээхийн ухаанаар явах хэрэгтэй. Хандлагаа зөв  байлгаж, нэгэнтэйгээ  сайхан  харьцаж байгаарай.  Бие биедээ тусалж, дэмжээрэй. Зөв буруу ярьж нэгнээ битгий муулаарай гэж хэлмээр байна. Хүн ямар ч үед гэгээлэг сайхан санаа  бодолтой байх хэрэгтэй. Сайхан үг, магтаал хоёр өөр зүйл. Хэт их магтаал утгагүй байдаг учир цагаа олж, нөхцөл байдлаа мэдэрч магтах нь зөв байх. Нэг нэгнийхээ гоёыг олж харж улам өнгө оруулаарай. Муухай үгэнд хүн их эмзэг ханддаг. Аливаа хүнийг 10 удаа магтаад,  1 удаа муулахад, тэр ганц муулсныг л бодож гомддог. Төрийн албан хаагч бол төр иргэнийг холбож буй гүүр. Энэ гүүр бат бэх байх ёстой. Төрийн албанд эв, эетэй байх нь хамгаас чухал. Дор бүрнээ өөр өөрсдийнхөө ажлыг сэтгэлээсээ хийчихвэл,  тэгээд л бүх зүйл болно.    Эцэст нь энэ цаг үед хамтдаа нэг баг болон хамтран ажиллаж байгаа аймгийн удирдлагын баг, байгууллагын хамт олон, мөн бүх талаар дэмждэг аав, ээж, ах эгч, дүү нар, гэр бүл, найз нөхөд, та бүхэндээ чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлж, сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.

 

Холбоотой мэдээ