Цахим орчинд хүүхэд хамгаалах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-01-16 17:43:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Цахим мэдээлэл эрсдэл үү, боломж уу” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд боллоо. Хэлэлцүүлгийн үеэр цахим орчинд хүүхэд хамгаалах ажлыг болзошгүй эрсдэлээс өрсөж, нэн яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай байна хэмээн БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан онцолсон юм.


Тэрбээр, “БСШУСЯ 2017 онд “Цахим гадуурхал цаашаа” аяныг зохион байгуулж, Дэлхийн банкны тусламжтай явуулсан судалгаагаар, хаалттай группүүдэд хүүхэд, өсвөр үеийнхэн бие биенээ гутаан доромжлох, шоглох, дарамтлах үзэгдэл ноцтой түвшинд байгаа нь харагдсан. Тиймээс сошиалд бодолтой хандаж, үгээ цэгнэж хойч үеэ хэцүү байдлаас аврах нөлөөллийг хийх нь нэн чухал. Бид хүүхэд байхдаа гадуурхагддаг байсан ч секундын дотор хэдэн сая хүнд тархаж, ийм өргөн хүрээнд гадуурхагдаж, үзэн ядуулж, ичгэвтэр байдалд орж байгаагүй. Цахим орчинд гадуурхал дарамтад өртөөд түүнийгээ даван туулна гэдэг хүүхэд өсвөр үеийнхний хувьд төсөөлшгүй бэрх. Ийм нөхцөлд өнөөгийн өсвөр насны хүүхдүүд амьдарч байна. “Цэнхэр халим” гэх тоглоомыг хууль хяналтын байгууллагынхан шуурхай арга хэмжээ авсны хүчинд газар авахуулалгүй зогсоосон. Үүний адил цахим орчинд хүүхэд хамгаалах олон ажлыг маш хурдтай, болзошгүй эрсдэлээс өрсөж хэрэгжүүлэх шаардлагатай байна” гэв.

Мөн тэрбээр, БСШУСЯ багшийн мэргэжил дээшлүүлэх албан бус сургалтаараа хүүхэд өсвөр үеийнхэнд мэдээллийн суурь боловсрол олгож байна. Хүүхдийг номтой нөхөрлүүлэх, номонд дуртай болгоход чиглэсэн ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаа гээд төрийн болон төрийн бус байгууллагууд хамтарч ажиллахыг уриаллаа.

Хэлэлцүүлэгт БСШУСЯ, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, Цагдаагийн Ерөнхий газар, Үндэсний төв номын сан зэрэг мэдээллийг бэлтгэх, хадгалах, мэдээллийн соёлыг түгээн дэлгэрүүлэх, хянан зохицуулах, мэдлэг боловсрол олгох үүрэгтэй талуудын төлөөлөл оролцож санал солилцсон юм.

Цахим орчинд хүүхдийг хамгаалахын тулд мэдээллийг мэдлэгтэйгээр ашиглах аргыг заах явдал чухал болохыг талууд онцолж байлаа.

Холбоотой мэдээ