“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар гарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнгөрсөн оны 10 дугаар сарын 26-ны нэгдсэн хуралдаанаар
баталсан “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд
дасан зохицох нь-II төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны
хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт хэвлэжээ.
Энэ төсөл нь Монгол Улсын баруун, баруун өмнөд бүсийн тусгай хамгаалалттай газар нутгийн 13 захиргааны менежментийг бэхжүүлэх, орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжихэд чиглэжээ. Уг төслийг хэрэгжүүлэхэд Монголын талаас 13.3 тэрбум төгрөг зарцуулах бол Германы Засгийн газар 19.5 сая еврогийн тусламж олгох юм. Энэхүү хөрөнгөөр тусгай хамгаалалттай газар нутгуудын экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, ховордсон амьтад, ургамлын экосистемийг зохистой ашиглах, нөхөн сэргээх ажлыг өрнүүлэх бөгөөд үүнд орон нутгийн иргэдийн оролцоог хангах юм.
Түүнчлэн УИХ-ын Тамгын газраас эрхлэн гаргадаг уг эмхэтгэлийн шинэ дугаарт “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Ялтан шилжүүлэх тухай Монгол, БНКазУ хоорондын гэрээг соёрхон батлах хуулийг нийтэлсэн байна.
“Ялтан шилжүүлэх тухай Монгол, Казахстаны гэрээнд өнгөрсөн оны гуравдугаар сарын 29-нд хоёр тал гарын үсэг зурсан байна. 21 зүйлтэй энэхүү гэрээ ялтан шилжүүлэх болон шилжүүлэхээс татгалзах нөхцөл, хүсэлт гаргах журам, ялтныг шилжүүлэх, шийтгэх тогтоолыг гүйцэтгэх зэрэг харилцааг нарийвчлан зохицуулсан байна. Одоогоор Казахстан Улсад Монголын 6 иргэн ял эдэлж байгаа бөгөөд хоёр нь эх орондоо шилжих хүсэлт гаргаад байгаа юм.
Мөн эмхэтгэлийн шинэ дугаарт Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, УИХ-ын 2018 оны 62 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн тогтоолыг нийтэлсэн байна. Ингэснээр дээрх хууль, тогтоолын төслүүдийг хэрэгжүүлж эхэллээ.