Үндсэн хууль батлахад Баянхонгороос 21 төлөөлөгч оролцож байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-01-13 21:32:09
Баянхонгор /МОНЦАМЭ/. 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Ардын Их Хурал ардчилсан шинэ Үндсэн хууль хэлэлцэн баталж, мөн энэ өдрийг Үндсэн хуулийн өдөр болгон тэмдэглэж байх шийдвэр гаргажээ.
БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн II хуралдаанаар 430 депутат Шинэ Ардчилсан Үндсэн хуулиа баталж байсан бөгөөд Баянхонгор аймгаас П.Пүрэвгял, О.Нямдаваа, Т.Галсан, А.Рэгзэн, Г.Бүдий, Ц.Очирбал, Б.Санджуйжав, Т.Төмөрбаатар, Н.Сэндэнжав, Г.Жадамбаа, Д.Марав, Б.Искра, Б.Сангисэрээ, Р.Доржбат, Ч.Батболд, Л.Дүйсэнсанги, Ж.Жагравал, Б.Чойжилсүрэн, М.Жадамбаа, Л.Баяндалай, Т.Ширмэн нарын 21 депутат анхдугаар үндсэн хуулийг батлалцсан түүхтэй. Баянхонгор аймгаас оролцсон төлөөлөгчдөөс өдгөө 10 нь амьд сэрүүн байгаа бөгөөд дөрөв нь нутаг орондоо оршин сууж байна.
Тус хуралд нийт 9 малчин оролцсон байдгаас хоёр нь Баянхонгорынх байв. Үндсэн хуульд манай аймгийн депутатуудын оруулсан санал жинтэй байсныг өдгөө ч ярьдаг. Шинэжинст сумын сум, нэгдлийн дарга байсан Данзангийн Жагварал Ардын Их Хурлын чуулган дээр хамгийн олон удаа үг хэлж, хамгийн олон санал гаргаж үндсэн хуульд тусгуулсан байдаг байна. Мөн Жинст сумаас сонгогдсон депутат, Аймгийн Аварга малчин Базарын Сангисэрээ Ардын Их Хурлыг нэг ч удаа таслалгүй бүрэн оролцож, Шинэ Үндсэн хууль батлагдсан 76 өдрийн тэмдэглэл хөтөлсөн гар бичмэл нь байдаг нь одоо үнэт үзмэр болжээ.
Үндсэн хууль болон үндсэн хуулийг батлалцахад Баянхонгор аймгаа төлөөлөн оролцсон хүмүүсийг алдаршуулж 2008 оны 11 дүгээр сарын 26-нд Үндсэн хуулийн хөшөөг аймгийн төвийн Баганат талбайд босгож байжээ. Харин 2014 онд Ахмадын цэцэрлэгт хүрээлэнд шилжүүлэн байрлуулсан байна.
Холбоотой мэдээ