НПГ энэ онд нийт 44 эрүүгийн хэрэгт дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-12-28 18:57:56
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Прокурорын газар /НПГ/-аас энэ онд Эрүүгийн хуулийн дагуу нийт 44 хэрэгт дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 38 дугаар зарлигаар 2018-2019 оныг “Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил” болгон зарласантай холбогдуулан бүх нийтээр авлигыг үл тэвчин, тухай бүр илчилж, гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэхийн төлөө хуулийн байгууллагууд хамтарч, нэгнээ дэмжин ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд  /НПГ/-аас “Авлига, албан тушаал, мансууруулах, гэр бүлийн хүчирхийлэл, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн улмаас хохирсон бага насны хүүхдийн эрх ашгийг хамгаалахад” хяналтаа чиглүүлэн ажиллав. Тус газраас шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

  • Н.Мөнхбат нь Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус банкин дахь чөлөөт мөнгөн хөрөнгийг арилжааны банкинд хугацаатай байршуулах үйл ажиллагааг бие даан шийдвэрлэж, буцаан татах шаардлагагүй арилжааны банкуудад байршуулсан мөнгөн хадгаламжийг хугацааны өмнө буцаан татсанаас хүүгийн орлогыг алдагдуулж, Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан, мөн “Мон лаа“ ХХК-ийн ерөнхий захирал М.Энхсайханд давуу байдал олгосон гэх эрүүгийн хэрэг,
  • Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт Барилга, байгууламжийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Т.Эрдэнэтуяа нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгож, “Монос групп” ХХК, түүний охин компани болох “Монос констракшн” ХХК-нд давуу байдал бий болгосон гэх хэрэг,
  • Н.Раднаасэд нь Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмчийн хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа тус газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн түрээсийн байр ашиглалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Д.Нэмэхбаяртай бүлэглэн албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд бусдаас хахууль авсан гэх хэрэг,
  • Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын ахлах мөрдөгч ажилтай  н.Отгон нь албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд бусдаас хахууль авсан гэх хэрэг,
  • Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт энэ оны 01 дүгээр сард БНХАУ-ын иргэн Ян Шухон нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад хахууль өгөхийг завдсан гэх хэрэг,
  • Д.Бат-Ирээдүй, Б.Гүррагчаа нар нь бүлэглэн олон удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн,
  • Д.Мөнхтогтох нар нь БОАЖЯ-наас олгодог байгалийн ургамал, ойн дагалдах баялаг тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүн болох самрын идээг гадаадад гаргах зөвшөөрлийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж, ашиглан, самрын идээг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь гаалийн шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар нэвтрүүлсэн,
  • Д.Ганболд, С.Ариунзаяа нар нь хуулийн байгууллагаас битүүмжлэн, итгэмжлэн хариуцуулж хүлээлгэн өгсөн 133 тонн хуш модны самрын идээг санаатай үрэгдүүлсэн гэх хэрэг,
  • ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Махбал  өнгөрөгч 8 дугаар сард архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнтэй маргаж, түүнийг зодож, алсан гэх хэрэг,
  • Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт энэ оны 3 дугаар сард Д.Төмөрбаатар нь В.Гантулгыг хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн эхнэр О.Чулуунцацралыг хутгалж алсан гэх хэрэг,
  • Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт энэ оны 8 дугаар сард П.Батсуурь нь хашааны гадна тоглож байсан 5 настай Э-г хуурч мэхлэн авч явж, хулгайлсан гэх хэрэг,
  • Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт энэ оны 6 дугаар сард н.Отгон-Эрдэнэ нь 5 хоногтой нярай хүүхдийг “салхилуулна” гэж хуурч авч явж, хулгайлсан гэх эрүүгийн хэргүүдийг гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр харьяалах шүүхэд шилжүүлсэн байна.
Холбоотой мэдээ