Н.Нацагмаа: Байгалийн баялгийг хариуцлагатайгаар ашиглавал байгаль бидэнд өгөөжөө өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-12-20 20:03:30

Хэнтий /МОНЦАМЭ/ “Хэнтий аймгийн хариуцлагатай бичил уурхайн нэгдсэн холбоо” бичил уурхайчдад үйлчлэх ТББ байгуулагдаад нэг жилийн ойтойгоо золгож байна. Тус холбоо анх 200 гаруй гишүүнтэй эхэлж байсан бол одоо бичил уурхайтай есөн сумын 498 гишүүнчлэлтэй болж үйл ажиллагаагаа өргөжүүлжээ.

Мөн бичил уурхай эрхлэгчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хувиараа ашигт малтмал олборлогчдыг албажуулахаар орон нутгийнхаа удирдлагуудтай хамтран нэлээд ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байгаа. Энэ талаар тус холбооны тэргүүн, “Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо”-ны хяналтын зөвлөлийн гишүүн Н.Нацагмаатай ярилцсанаа хүргэе.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Иргэдийн хувьд бичил уурхай эрхлэгчдийн талаар төдийлөн сайн ойлголтгүй байдаг л даа. Тиймээс бичил уурхай эрхлэгч гэж хэнийг хэлэх вэ? Энэ талаар яриагаа эхэлье.  

-Монгол Улсад анхлан хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн үйл ажиллагааг зохицуулах журмыг 2008 онд ЗГ-аас гаргаснаар бичил уурхайн талаар баримтлах бодлого эрхзүйн гараа эхэлсэн. Улмаар ЗГ-ын 2017.05.24-ний 151 дүгээр тогтоолын хүрээнд өнөөдөр ашигт малтмал болон газрын тухай зэрэг олон хуулиар зохицуулж байгаагаас үзэхэд хууль эрхзүйн хувьд хангалттай орчин бий болсон гэж үзэж байна.  Ашигт малтмалын тухай хуулинд үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбайд ашигт малтмал олборлох зорилгоор иргэний хуулийн 481.1-нд заасны дагуу бүртгэгдээгүй нөхөрлөлийн, иргэний хуулийн 35 дугаар зүйлд заасан нөхөрлөл болон 36.4 д заасан хоршооны хэлбэрээр зохион байгуулсан иргэдийн эрхэлж буй үйл ажиллагаа юм.

Бүртгэгдсэн нөхөрлөл, хоршооны зохион байгуулалтад орсон бичил уурхайчид нь ашигт малтмал олборлохдоо 3500 см3 хүртэлх багтаамжтай дотоод шаталтат хөдөлгүүр бүхий хоёр техник ашиглах боломжтой байдаг бол бүртгэгдээгүй нөхөрлөл нь зөвхөн гар аргаар бичил уурхай эрхэлдгээрээ онцлогтой. Мөн нөхөрлөл, бүртгэгдээгүй нөхөрлөлийн гишүүдийн тоо нь есөөс цөөнгүй байх ёстой.

-Тэгвэл бичил уурхай эрхлэгчид нь хувиараа ашигт малтмал олборлогчид буюу бидний хэлдгээр “Нинжа” нараас юугаараа ялгаатай вэ?

- “Хариуцлагатай” гэдэг үгээрээ хамгийн түрүүнд ялгагдана. Байгалийн баялгийг ашиглаж байгаа учраас байгаль маань ямар нэгэн хэмжээгээр хөндөгддөг. Тиймээс бичил уурхай эрхлэгчид маань заавал ашигласан газартаа нөхөн сэргээлт хийж, байгалийг буцааж төрхөнд нь оруулаад сумын удирдлагуудад хүлээлгэн өгч дараагийн газарт орох эрхээ авдаг нь байгаль орчиндоо “Хариуцлагатай” байгааг хэлж байна. Мөн  нөхөрлөлийнхөө есөн гишүүнийг эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамруулдгаас гадна орон нутагт орлогын албан татвараа төлдөг учраас нийгэмдээ ч бас “Хариуцлагатай” байна гэсэн үг. Зөвхөн бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газарт, сумын Засаг даргын зөвшөөрсөн солбицол бүхий талбайд л үйл ажиллагаа явуулдгаараа бичил уурхай маань “Нинжа” нараас ялгаатай юм. Одоогийн байдлаар өөрсдийн хөрөнгөөр Батноров суманд 2,6 га газар, Норовлин суманд төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр 4,6 га газрыг бичил уурхайчид нөхөн сэргээж хүлээлгэж өгсөн байна. Мөн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд амьжиргааны  баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэд болон өрх толгойлсон эмэгтэй, бүтэн өнчин хүүхэд, ХБИ, өндөр настангуудад эд хөрөнгө, санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна сум орон нутгийнхаа хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулж нийтдээ 100-аад сая төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан.

Жишээлбэл: Бэрх, Норовлин, Батноров, Дархан сумдын нөхөрлөл 10-20 сая төгрөг гаргаад сумынхаа хогийн цэгийн асуудлыг шийдвэрлэсэн,Баян-Адрага суманд бичил уурхайчдын хөрөнгө оруулалтаар халуун-усны газар барьсан гэх мэт сайхан жишээнүүд байгаа.

Харин хувиараа ашигт малтмал олборлогчид /ХАМО/ буюу бидний хэлдгээр нинжа нар дур зоргоороо энд тэнд очиж байгалийн баялгийг сорчилж ашигладаг, хөдөлмөрийн аюулгүй байдлыг баримтлахгүйгээр хууль бусаар үйл ажиллагаа явуулж, байгалийг нөхөн сэргээх арга хэмжээ огт авдаггүй, татвар төлдөггүй, зөвхөн ашгийн төлөө явдаг бүлэг хүмүүс юм. Үүгээрээ хариуцлагатай бичил уурхай, хариуцлагагүй “нинжа” нарын ялгаа харагдаж байгаа юм.

-Иргэд маань уул уурхай гэхээр нилээд сөргөөр хүлээж авдаг. Харин бичил уурхай эрхлэгчдийн хувьд байгальд учруулах хор нөлөө бага гэж ойлголоо. Энэ талаар тодруулаач?

-Тиймээ. Бичил уурхай гэхээр л иргэд маань байгалийг  ухаж төнхөөд хаячихдаг гэж ойлгодог. Гэтэл нэг сумын бичил уурхайчид жилдээ 50 га-аас илүүгүй талбайг ашиглах хуулийн зохицуулалт байдаг хэдий ч өнөөдрийн байдлаар бичил уурхайчид Засаг даргатайгаа гэрээ байгуулан ашиглаж байгаа талбай нь аймгийн хэмжээнд нийтдээ 50 га-д  ч хүрэхгүй байна. Энэ нь тухай ашиглах талбайн  газрын нөөц байхгүйтэй холбоотой бөгөөд энэ олон лицензтэй компаниудын дэргэд 0,1 хувьд ч хүрэхгүй га талбай.Эдгээр бичил уурхайчид маань том уурхай шиг үйлдвэрлэлийн аргаар хөрсийг нь эргүүлээд, хуулаад хаядаггүй. Тэгээд ч нэг нөхөрлөл таван га-гаас илүүгүй газар ашиглах эрхтэй. Мөн дээр хэлсэнчлэн өөрсдийнхөө ашигласан газрыг заавал нөхөн сэргээлт хийж хүлээлгэж өгснөөр дараагийнхаа газарт ордог. Тэгэхээр Хэнтий аймгийн хэмжээнд бичил уурхайн чиглэлээр сүйтгэгдээд үлдсэн газар байхгүй.

-Орон нутгийн удирдлагуудын зүгээс бичил уурхай эрхлэгчдийг хэрхэн дэмждэг вэ?

-МУ-ын Засгийн газрын болон аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт хууль бус гар аргаар ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагааг зогсоож, нөхөрлөлийн хэлбэрт оруулж бүрэн албажуулна гэж тусгагдсан байгаа нь хариуцлагагүй хууль бус үйл ажиллагааг зогсоож хариуцлагатай бичил уурхайн хэлбэрт оруулж дэмжинэ гэдгийг илэрхийлсэн гэж ойлгож байгаа. Тиймээс манай холбоо  АЗДТГ, Швейцарын хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөлтэй 2018 онд хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Бичил уурхайчдыг албажуулахад төр болон ТББ хамтраад ажиллавал орон нутагт нилээн ахицтай юм гэдгийг аль аль талдаа ойлголцолд хүрсэн учраас аймгийн Засаг даргын дэргэд “Бичил уурхайн дэд зөвлөл” байгуулагдсан. Дэд зөвлөлийн маань гол зорилго нь бичил уурхайчдыг хоёр дахь орлогын эх үүсвэртэй болгох явдал юм.

 Байгалийн баялаг шавхагддаг. Тиймээс хэзээ нэг өдөр энэ шавхагддаг баялгаа дуусахаар эдгээр хүмүүсийн амьдрал цаашид яах вэ, хуримтлал бий болгож чадсан уу, хоёр дахь орлогын эх үүсвэртэй болж чадсан уу, мэргэжил боловсрол эзэмшсэн үү гээд маш олон асуудал тулгарч байгаа юм. Тиймээс хоёр дахь эх үүсвэрийг бий болгох чиглэлээр Тогтвортой бичил уурхай төслийн дэмжлэгтэйгээр аймгийн МСҮТ-тэй хамтраад бичил уурхайчдыг ногоочин, барилгачин, засварчин, хүнд машин мехнизмийн операторын мэргэжилтэй болгохоор сургалтад хамруулж байна. Харамсалтай нь ХАМО-чид маань эдгээр сургалтад хамрагдах боломжгүй юм.  

-Бичил уурхай эрхлэх нь маш эрсдэлтэй ажил шүү дээ. Тиймээс хөдөлмөрийн аюулгүй байдлын /ХАБ/ тал дээр нөхөрлөлүүд хэр ач холбогдол өгдөг вэ.

-Тиймээ. Энэ бол маш чухал асуудал. Холбооны зүгээс нөхөрлөлүүдийг ХАБ-ын ажилтантай болгох шаардлага тавьж байгаа.  Тухайн ажилтныг манай холбоогоор дамжуулаад Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооноос үнэ төлбөргүй сургалтад хамруулж байна. Эхнээсээ Дархан, Бэрх зэрэг зарим сумдын нөхөрлөлүүд ХАБ-ын ажилтантай болсон. Энэ нь нийт нөхөрлөлийнхөө 10 хувьд хүрэхгүй байгаа ч өмнө нь огт байгаагүйгээ бодвол дэвшил харагдаж байна.

-Таны хувьд энэ салбартай яаж холбогдсон бэ? Эмэгтэй хүний хувьд нэлээд хүнд ажил шиг санагддаг.

-Би төрийн байгууллагад ажиллаж байгаад 2010 оноос хувийн шалтгаанаар ажлаасаа гараад бичил уурхай эрхэлсэн. Анх Батноров суманд Засгийн газрын 308 дугаар журмын хүрээнд бүртгэгдээгүй нөхөрлөл байгуулаад ажиллаж байсан бол өнөөдрийн 151 дүгээр журмаар бүртгэгдсэн нөхөрлөл болон албан ёсны тамга тэмдэгтэйгээр ажиллаж байна. Тиймээс зорилтод бүлгийн орон нутгийн ажилгүй иргэд, хуулиар зөвшөөрч журмаар зохицуулагдсан энэ салбарт байгальд хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулж ажилбал байгаль бидэнд өгөөжөө өгнө. Ажилтай орлоготой иргэд маань орон нутагтаа хөрөнгө оруулаад, орон нутгийнхаа төсвийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулаад явах бүрэн боломжтой юм.

Тиймээс зөвхөн өөрийнхөө амьдралыг өөд татаад зогсохгүй надтай адилхан амьдрал туулаад, сайн муу хэлэгдэж яваа нийгмийн хэсэг бүлэг хүмүүсийн амьдралыг аятайхан болгох юмсан, нийгэмдээ эерэг ойлголтыг бий болгох юмсан гээд зориод ажиллаж байна. Тэгээд ч бичил уурхайчид маань орлоготой байвал орон нутгийн бизнес эрхлэгчдэд ч нэмэртэй шүү дээ.

 

Холбоотой мэдээ