А.Түвшинжаргал: Ирэх онд гэр хорооллын хөгжилд түлхүү анхаарч ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-12-18 22:53:42
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргалтай 2018 онд хийгдсэн зарим  ажлын талаар ярилцлаа.  

-2018 онд Орхон аймгийн нийгмийн салбарт хийгдсэн онцлох ажлыг дурдвал?

- Энэ онд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарлаа. Яргуйт, Булаг баг тус бүрт 150 хүүхдийн цэцэрлэг, Баянбулаг багийн 16 дугаар сургуульд урлаг-спортын заал, 1 дүгээр сургуулийн  дэргэд 928 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилгын ажлыг эхлүүллээ. Үүнээс 280 хүүхдийн багтаамжтай 26 дугаар цэцэрлэг ашиглалтад орж хүүхдүүдээ хүлээн авсан. Эрүүл мэндийн салбарын хувьд 2017 онд хэрэгжүүлж байсан “Элэгний вирусгүй Эрдэнэт” аяныг өргөжүүлж 2018 онд   “Эрүүл Эрдэнэтчүүд” хөтөлбөр болгон хэрэгжүүлж байна. Мөн  “Анхдагч” дэд хөтөлбөрийн хүрээнд  “Анхдагчдын өдөр”-ийг тохиолдуулан  “Эрдэнэт үйлдвэр” ХХК-т санал тавьсаны дагуу  Эрдэнэтийн бүтээн байгуулалтад оролцсон анхдагчууддаа  тус бүр 1 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн.

-Орхон аймгийг залуучуудын хот гэдэг. Тэр ч утгаараа залуучууд  чөлөөт цагийг зөв, боловсон өнгөрүүлэх талбай байгуулахыг ихэд хүсдэг. Энэ онд нийт хэдэн талбай байгуулав ?

-Орхон аймгийн ЗДТГ-аас 2017 оноос 18 дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Үүний нэг ньЧөлөөт цагийн талбай” дэд хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд  5, 8  дугаар сургуулийн гадна талбайд сагсан бөмбөг, волейболын талбай, ширээний тенис, турник зэрэг тоног төхөөрөмжийг шинээр байгуулсан. Мөн  20 дугаар  сургуулийн гадна спортын талбай  шинээр байгуулж ашиглалтанд оруулсан.  Энэ онд нийт  11 байршилд тоглоомын талбай, Эрдэнэ багийн 1, 2-р гудамж, Хабитат тус бүрт 3х3 харьцаатай сагсан бөмбөгийн талбай, Яргуйт багийн ажлын албаны дэргэд элсний волейболын талбай, Овоотын 8 дугаар гудамжинд залуучуудын оролцоотой сагсан бөмбөгийн талбай байгуулж 4 дүгээр сургуулийн биеийн тамирын заалыг 41,5 сая төгрөгөөр тохижуулсан.

-Түрээсийн орон сууцны талаар иргэд ихэд сонирхож асуудаг. Нэг хэсэг зогсонги байдалд орчихсон энэ ажил цааш үргэлжлэх болов уу?

-2016 онд биднийг ажил авахад “Түрээсийн орон сууц хөтөлбөр”  зогсчихсон байсан. Харин манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагууд ТОСК болон Засгийн газар, Барилга, хот байгуулалтын яаманд асуудлаа тавьсаны дагуу 7 дугаар хороололд баригдаж байгаад хөрөнгөгүйн улмаас царцаагдаад байсан 315 айлын орон сууцны үлдэгдэл санхүүжилтийг 100 хувийг шийдвэрлүүлж чадсан. Одоо барилгын ажил үргэлжилж, орон нутгийн зүгээс хяналт тавин ажиллаж байна.

- 2019 онд орон нутгийн хөрөнгө оруулалт ямар чиглэлээр зарцуулагдах төлөвтэй байна вэ?

-Сүүлийн жилүүдэд Эрдэнэт хотын төвийн хэсэг буюу бичил хорооллуудад нэлээд хөрөнгө оруулалт хийсэн байна. Ялангуяа байрнуудын фассад будах, заадсын засвар, дээврийн засварыг хийх, орц подвалийн хортон шавьж устгал гээд нэлээд хэмжээний хөрөнгийг  орон нутгийн төсвөөс зарцуулсан байна. Тооцож үзэхэд 2016 оноос хойш нийт 6.3 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтыг хотын төвийн бичил хороололд зарцуулжээ. 

Харин захын гэр хороололд таван ханатай гэр бариад суудаг Бат, Дорж нар гэрийнхээ дээвэр туургыг солиулъя, эсгий аваад өгөөч гэдэггүй л байхгүй юу. Тиймээс бид дараа дараагийн жилүүдэд гэр хорооллыг хөгжүүлэхэд түлхүү анхаарч ажиллах бодлого барина. Инженерийн шугам сүлжээнд холбох, агаарын бохирдлыг бууруулах, гэрэлтүүлэг болон камержуулалтыг нэмэгдүүлэх, автозамуудыг нэмж тавих, нийтийн тээврийн үйлчилгээг хөгжүүлэх, үерийн далан байгуулах, эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах гээд олон тулгамдсан асуудлууд гэр хороололд үлдээд байна. Бид үүнд түлхүү анхаарч ажиллана.

-2018 онд  олон цэцэрлэг, сургууль барилга объект шинээр ашиглалтад орсон. Үүнийг дагаад тодорхой хэмжээгээр ажлын байр нэмэгдэж байгаа. Цаашид иргэдээ ажлын байраар хангах чиглэлээр ямар бодлого барьж ажиллах вэ?

-Ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр “Эрдэнэтчүүд-Эрдэнэтчүүддээ хайртай”  дэд хөтөлбөр хэрэгжиж байна. 2016 онд бидний хийсэн судалгаагаар өрхийн нэг ч гишүүн нь  ажил эрхэлдэггүй 2800 айл байсан. Бид шат дараатай арга хэмжээ авч ажилласаар одоогийн байдлаар 1500 орчим өрх үлдээд байна. Цаашид үүнд анхаарч ажиллана. Энэ  онд  26 дугаар цэцэрлэгийг шинээр ашиглалтад оруулж 40 гаруй ажлын байр нэмэгдсэн. Баянбулаг багийн цэцэрлэг ашиглалтад орвол 20  ажлын байр шинээр нэмэгдэнэ.  

 

 

 

 

Холбоотой мэдээ